Граммаар хэмжигдсэн амьдрал

МОКОНОМИ · I. Ядмагхан балчир нас · Бүлэг 2: “Баяртай Ленин”, Хай хямрал

1991 оны эхээр бараа бүтээгдэхүүний үнэ чөлөөлөгдөж, огцом өссөн нь манай нийгэмд ирсэн ганц сюрприз биш ээ. Үүнээс өмнө гол нэрийн бараа, ялангуяа хүнсний олдоц эрс муудсан. Яваандаа дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйл харагдахаа ч болив. Улмаар Засгийн газраас хүнсний үйлдвэрлэл, тээвэр, худалдаанд онцгой дэглэм тогтоон мах, сүү, гурил, талх зэрэг гол хүнсийг айл өрхүүдэд тодорхой лимитээр хуваарилах шийдвэр гаргаснаар домогт “Картын барааны үе” эхэлжээ.

Өрхийн ам бүлийн тооноос шалтгаалан тухайн айл хэдий хэмжээний хүнсний бараа авах эрхтэйг тусгай дэвтэрт бичиж олгоно. Иргэд сар бүр хуваарилагдсан дэлгүүртээ очиж, ногдох нормаа аваад дэвтэртээ тэмдэглүүлдэг байснаас “картын бараа” хэмээн нэрлэжээ. Нормоор олгох барааны хэмжээг Улсын нөөцийн боломжоос хамааруулан тухай бүр өөрчилж тогтооно. Тухайлбал, 1991 оны гуравдугаар сард Улаанбаатар хотын нэг иргэнд сард дээд гурил 1.8 кг, хоёрдугаар гурил 2.2 кг, мах 2.7 кг, элсэн чихэр ердөө 200 граммыг картаар олгохоор тогтоосон баримт бий. Хүн өдөр тутамдаа хоол тэжээлээс авах шаардлагатай илчлэг, шимт бодисын зохистой хэмжээтэй харьцуулбал дийлэнхи нь дутагдалтай. Өнөөдрийн зохистой хооллолтод заавал багтдаг сүү, жимс, хүнсний ногоо зэрэг олон бүтээгдэхүүн картанд багтаагүй тул ховрын бараа.

“Картын барааны үеийнхэн” гэгддэг 1980-аад оноос 1990-ээд оны эхээр төрсөн хүмүүс өнөөгийн залуустай харьцуулахад нуруу намхан, бие бялдрын хувьд дорой байдгийн нууц нь ерөөсөө л энэ. Манай үеийнхэн цадчихсан мөртлөө л тавагтай хоолоо заавал дуусгах гээд байдаг нь ч ийм учиртай.

Нөгөө талаас картын барааны хүүхдүүдэд нэг том давуу тал бий. Тэр бол хатуужил, тэмцэгч чанар юм. Яагаад гэвэл бид идэх хоолныхоо төлөө өрсөлдөн тэмцэж, аав ээжтэйгээ зэрэгцэн аж ахуй нуруундаа үүрч, хар багаасаа лонх, кабель цуглуулах, ундаа зарах, тарвага зурам агнах зэргээр амьжиргаагаа залгуулахын төлөө зүтгэж өссөн. Гэвч энэ бол сонголт, баяр жаргалтай дурсамж ч биш. Харин амьд үлдэхийн төлөөх тэмцэл байсан юм.

Гэвч карттай байлаа гээд үмх хоол баталгаатай гэсэн үг биш. Үүр цүүрээр очиж дугаарлан, дэлгүүрийн жижиг цонхоор олгох ширхэг талхаа олж авахаас бүх юм эхэлнэ. Гурил, будаа, мах ирэхэд дугаарлахын оронд дайралцаж шахцалдан байж гэмээнэ авна. Хэрэв хүрэхгүй дуусчихвал дахиж иртэл нь хүлээнэ. Шахцалдаан дунд хөгшид, хүүхдүүд дарагдаж бэртэх энүүхэнд. Арван настай хүүхэд хүмүүсийн хөлд дарагдаж амиа алдсан тухай аймшигтай мэдээг сонсоод аав, ээж хоёр маань намайг дахиад картын бараанд явуулахаа больсон билээ.

Зөвхөн хүнс биш өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн бүгд хуваарилалтад оров. Нэг өрхөд сард толгой чүдэнз, ширхэг лаа, хоёр лонх архи гэх мэт. Аав маань “Охь” нэртэй хоёр лонх архиа зах дээр аваачиж заран мөнгө болгож байв. Үеийн үед амьдрал хэцүү, ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр архины хэрэглээ өсч, хоолноосоо өмнө архи авдаг хүмүүс олширдог нь нийгмийн зүй тогтол мэт.

Хомсдол хөдөөд арай өөр дүр зурагтай. Мал хувьд очсоноор махаар дутаж өлссөнгүй, харин ч хотод суугаа хамаатан саднаа өлсгөлөнгөөс аварсан гэхэд хилстэхгүй. Бусад бүтээгдэхүүн хомс, өндөр үнэтэй. Ганц боодол дүнсэн тамхи бүтэн хонь хүрч байжээ. Манайх яаж олсон юм бүү мэд, Хятадаас орж ирсэн 50 кг гурилтай болоод ойр тойрны төрлүүддээ хүртээснийг би санадаг. Таван литрийн бидонтой гурил тухайн цагт хэрдээ л том бэлэг гэдэг нь тодорхой.

Тэр үеийн зовлон ганц “барааны хомсдол”-оор дуусахгүй. Үйлдвэрүүд зогсож, ажлын байр хумигдаж, цалин орлого тасалдаж, инфляц мөнгөний худалдан авах чадварыг өдөр бүр идэж байлаа. Өөрөөр хэлбэл өрхийн бодит худалдан авах чадвар нэг талдаа унаж байхад, нөгөө талд барааны хэмжээ, сонголт өдөр өдрөөр хомстоно.

ЭЗО ЭНГИЙНЭЭР

ХЭРЭГЛЭЭНИЙ АГШИЛТ (Consumption Compression)

Худалдан авах чадвар буурахын зэрэгцээ бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт хязгаарлагдсанаар өрхийн хэрэглээ хоёр талаасаа хавчигдан агших үзэгдэл. Шилжилтийн эхэн үеийн Монголд айл өрхүүд нэг талаас эрэлт буюу “мөнгө хүрэлцэхгүй”, нөгөө талаас нийлүүлэлт буюу “бараа олдохгүй” гэсэн давхар шахалтад орсноор амьдралын чанар, хүний хөгжлийн үзүүлэлтүүд огцом уналтад орсон байдаг.

Мэдээж хэрэг, картын барааны систем нь хямралын шалтгаан бус, харин үр дагавар буюу шинж тэмдэг нь байв. Зөвлөлт Холбоот Улс болон ЭЗХТЗ-ийн хүрээний худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ задарснаар дотоодын үйлдвэрүүд түлш, сэлбэг хэрэгсэл, түүхий эдийн гачаалд орсон юм. Үйлдвэрлэл зогсонги байдалд орж, ажиллагсад цалингаа авч чадахгүйд хүрэв. Үнэ чөлөөлөгдсөн ч нийлүүлэлтийн бүтэц нь хуучин тогтолцооны сэг дээр үлджээ. Энэ бол хэсэг бусаг барааны хомсдол биш, эдийн засгийг тэтгэгч нийлүүлэлтийн бүхэл бүтэн сүлжээний доголдол юм.

Аз болоход картын барааны үе мөнх үргэлжлээгүй. 1993 оны намраас нийлүүлэлт нэмэгдэж, картын систем халагдан, жижиглэн худалдаа чөлөөт зах зээлийн замдаа бүрэн орсон. Энэ бол Засгийн газрын мэргэн жолоодлого биш, харин ганзагын наймаанд гарч, ховор барааг эрсдэл туулан зөөсөн, “ченж” хэмээх борлуулалтын шинэ сүлжээг өөрсдөө бий болгосон мянга мянган хүмүүсийн чөлөөт үйл ажиллагааны үр дүн юм.

Гэвч хомсдол үүсэх бүрд өнөөдөр ч бид танил асуултаа тавьсаар. Шатахуун тасарвал “нэг машинд хэдийг олгох вэ”, мах үнэд орвол “төр хэдэн тонн нөөцлөх вэ”, цахилгаан дутвал “хэнийхийг хязгаарлах вэ” гэж ярьдаг хэвээр. Картын бараа үгүй болсон ч бид картын сэтгэлгээтэй хэвээрээ л явна.

Энэ нийтлэлийг хуваалцах

Танд таалагдсан бол найзууддаа илгээгээрэй.

Мокономиг хамтдаа бүтээе

Энэ нийтлэл Монголын эдийн засгийн шилжилтийн амьд түүхийг өгүүлэх «Мокономи» номын хэсэг юм. Номыг бичиж, баримтаар нягталж, уншигчдад хүргэхэд хувь нэмрээ оруулаарай.