МОКОНОМИ · I. Ядмагхан балчир нас · Бүлэг 2: “Баяртай Ленин”, Хай хямрал
Аав, ээж маань намайг сургуульдаа явахад өдөрт 1 төгрөгийн цайны мөнгө өгдөг байв. Жаран мөнгөний печень нэгийг, ундаатай авахад яг таарна. Эсвэл Найрамдлын районы цайны газрын том хуушуурнаас нэгийг хар цайтай авч хүрнэ.
1991 оны 1-р сарын 16-ны тэр нэг өглөө гэнэтхэн 60 мөнгөний печень 1 төгрөг 20 мөнгө, 80 мөнгөний хуушуур 2 төгрөг болж цайны мөнгө маань хаанаа ч хүрэхээ болив. Тал печень үү, тал хуушуур уу гэдэг эдийн засгийн сонголттой тулгарав. Төд удалгүй хуушуур 3 төгрөг, печень 2 төгрөг гэх мэтээр өдрөөс өдөрт өсөж нэг төгрөг минь нүдэн дээр цаас болов. Инфляц гэгчийг бага ангийн бацаан амьдрал дээр анх ингэж мэдэрсэн юм.
Учрыг асуувал Засгийн газрын “20 дугаар тогтоол” гэгч зартай шийдвэр гарчээ. Тогтоолоор бүх төрлийн барааны жижиглэнгийн үнэ, үйлчилгээний тарифыг төрөөс тогтоодог байсны дийлэнхийг бүрэн чөлөөлж үлдсэн буюу төр оролцоотой хэсгийг хоёр дахин өсгөжээ. Үүнтэй зэрэгцүүлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг мөн хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдсэн аж. Энэ шийдвэр төлөвлөгөөт эдийн засгийн захиргаадалтын үнэ, мөнгө, татаас, ханшийн тогтолцоог задлах эхний том шийдвэр байсан учир өнөөдөр ч маргаан дагуулдаг эмзэг сэдэв.
Мэдээж, иргэдийн амьдралд хүнд цохилт өгсөн. Цалин, тэтгэвэр хэдийгээр нэмэгдсэн ч үнэ илүү өсөв. Энэ өдрөөс хойш 5 жил дараалан юмны үнэ дийлэнх монголчуудын олдог орлогоос илүү хурдтайгаар өссөн, түүнийг дагаад амжиргаа дордсон. Хөөрхий миний 1 төгрөг төд удалгүй юу ч авах чадалгүй болж овоон дээр л харагдах болов. Уур хүрч цухалдмаар, хэн нэг хүнийг буруутган шийтгэмээр өдрүүд. Гэвч буруутан нь үнэндээ тэр нэг тогтоол биш! Монголчууд Оросын бүхээгтэй ногоон машинаас буугаад өөрсдийн сонгосон замаар явахын тулд төлөх ёстой өртөг нь чөлөөт үнэ байлаа. Үнийг төр биш зах зээл тогтоодог тогтолцоонд шилжихгүйгээр цааш явах замгүй.
Хүмүүс “Үнэ чөлөөлсөн учраас юмны үнэ өссөн. Хорьдугаар тогтоол гараагүй бол өртөг зардал хямд хэвээр байх байсан” гэж бодох нь бий. Гэвч урьд нь бараа, үйлчилгээ хямд боловч ховор хомс, амьдрал хөөрхийлөлтэй байсан учраас л өөрчлөлтийг эхлүүлсэн билээ. Гол асуулт, яагаад чөлөөлмөгц үнэ огцом хөөрсөн бэ, хазаарлаж болсонгүй юу? Үүнийг “дарагдсан инфляц” гэсэн ойлголтоор тайлбарлаж болно. Хүмүүст эрэлт байгаа ч худалдаж авах бараа нь хомс бол зах зээлд үнэ өсдөг жамтай. Харин төр үнийг хүчээр бариад байвал өсөлт нь далд хэлбэрээр хуримтлагдаж байдаг. Хорхогны бидон халах тусам дотор нь даралт үүсдэгтэй адил. Энэ даралт буюу хийг гаргахгүйгээр шууд тагийг нь нээвэл юу болохыг бид мэднэ. Үүнтэй л адил үнийн таг онгоймогц тэсэрч гиперинфляц болсон хэрэг.
ЭЗО ЭНГИЙНЭЭР
ДАРАГДСАН ИНФЛЯЦ (Suppressed Inflation)
Төрөөс бараа, үйлчилгээний үнийг хатуу заах эсвэл хязгаар тогтоох аргаар барьснаас үүдэн зах зээлийн бодит үнийн өсөлт ба зөрүү нь далд хэлбэрт орж хуримтлагдах, улмаар барааны хомсдол, үнийн огцом өсөлт зэргээр илэрдэг үзэгдэл.
Үнэ чөлөөлсний дараах эхний үсрэлтийг дарагдаж байсан инфляцаар тайлбарлаж болох ч 1992 оны нөхцөл байдал илүү ярвигтай. Жилийн инфляц 325.5%, хүнснийх 476.6 хувь хүрсэн нь нэмээд зарах бараагүйгээс нийлүүлэлт агшсан, төгрөг цаас болж иргэдийн итгэл алдарсан, мөнгөний шинэ тогтолцоо бүрэлдэж амжаагүй зэргийн гашуун үр дүн юм.
Үүнээс гуч гаруй жилийн дараа ч бид энэ хорхогны тагтайгаа зууралдсаар сууна. Нэг бэлээхэн жишээ гэвэл, 2026 оны зунжин үргэлжилсэн бензиний хомсдол, урт дараалал, үнийн огцом өсөлт. Импортын өртөг болон валютын ханш өсөх бүрд үе үеийн Засгийн газар жижиглэнгийн үнийг захиргааны аргаар хүчээр барихыг оролдсоор ирсэн. Гэвч үнийг барьлаа гээд цаад бодит өртөг нь алга болчихгүй. Тэр зөрүү нь хаа нэгтээ татаас, алдагдал, өр, эцэст нь хомсдол болон хуримтлагддаг. Ингээд дарсан тагийг нь авахад үнэ гэнэт “тэсэрсэн” мэт харагддаг.
Засгийн газрын 20-р тогтоолоор иргэдийн халаасан дахь бэлэн мөнгө хоногийн дотор хоёр дахин үнэгүйдсэн ч банкны хадгаламжийг нь хоёр дахин өсгөхөөр тооцов. Тухайн үед дөрвөн хүн тутмын нэг буюу 546 мянган иргэн хадгаламжтай байжээ. Нийт 726 сая төгрөгийн хадгаламжийг нийт хүн амд хувааж үзвэл нэг хүнд дунджаар 355 төгрөгийн хуримтлал ногдохоор байв. Үнэ чөлөөлөхөөс өмнөх ханшаар 450 хуушуур авч хүрэхгүй мөнгө! Харьцуулж үзвэл, өнөөдөр Монгол Улсад давхардсан тоогоор 3 сая 750 мянга буюу хүн амынхаа тооноос давсан хадгаламжийн данс бий. Хадгаламжийн нийт үлдэгдэл болох 25.2 их наяд төгрөгийг иргэн бүрдээ дундажлан хуваавал нэг хүнд 7 орчим сая төгрөг ногдоно. Тухайн үеийнхтэй харьцуулахад 5-6 дахин их хуушуур авч хүрэлцэх мөнгө. Хамгийн гол нь, өнөөдөр мөнгөтэй л бол хуушуур шиг элбэг юм алга!
20-р тогтоол бол үнэндээ барааг үнэтэй болгосон юм биш, төгрөгийг бодит үнэ цэнд нь аваачсан шийдвэр байлаа. “Мөнгөний масштабын өөрчлөлт” гэгдэх энэ алхам дотоодын үнэ, валютын ханш, хадгаламжийг хамтад нь засварласан юм. Хиймэл төгрөг бодит бараа, валютын нөөцтэйгээ нийцэхгүй байхад валютыг захиргааны аргаар хязгаарлан арилжих, импортын өртгийг нуун, хар захыг гэмт хэрэгт тооцдог тийм нэг “хуурмаг эдийн засаг” тогтоод байсан юм. Гэхдээ ханшийн сулрал дандаа муу байдаггүй. Хиймэл үнийг бодитой болгож, экспортыг дэмжих гол хөшүүрэг ч болох нь бий.
Тухайн үед төгрөгийг Ленинград хотын Гознак үйлдвэрт хэвлүүлдэг, үйлдвэрээс яг хэдэн төгрөг хэвлэгдэж гараад, хэдийг нь Монгол Улсад өгөөд байгааг мэдэх хүнгүй байсан гэдэг. Товчхондоо, төгрөг тусгаар улсын төлбөрийн хэрэгсэл мөн эсэх нь эргэлзээтэй гэсэн үг. Гүйлгээнд яг хэдий хэмжээний төгрөг байгаагаа мэдэх, эмиссыг хянах, ханшаа өөрийн эдийн засгийн нөхцөлд нийцүүлэхгүйгээр бие даасан мөнгөний бодлого явуулах боломжгүй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хожим дурсахдаа Зөвлөлтийн цэрэг, мэргэжилтнүүд буцахдаа монголчуудын гар дээрхээс их төгрөгөөр хүнс, бараа худалдан авч явсан нь дотоодын барааны хомсдолд нэрмээс болсон тухай ярьжээ.
Инфляци гэдэг бол иргэдийн халааснаас хуульгүйгээр авч буй далд татвар, буух эзэнгүй хулгай юм. Үнийн өндөр өсөлт ямар хорон аюултай, ямар их төлөөстэйг бид өнөөдөр ч амьдралаараа мэдэрч байна. Зах зээлийн бодит дохио өгдөг үнэтэй, төгрөгийнхөө ханшийг бодитоор мэддэг, мөнгөнийхөө нийлүүлэлтийг хянадаг эдийн засагт хөл тавихад үнийн өсөлт гэдэг төлөөсийг төлөхөөс өөр аргагүй байлаа. Эрх чөлөө үнэ төлбөргүй ирдэггүй. Хараат хямдхан тогтвортой байдлаас татгалзаж, өөрийн эрхээрээ зовох эрхтэй тусгаар улс болох төлөөс үүгээр хязгаарлагдахгүй.
Энэ нийтлэлийг хуваалцах
Танд таалагдсан бол найзууддаа илгээгээрэй.
Мокономиг хамтдаа бүтээе
Энэ нийтлэл Монголын эдийн засгийн шилжилтийн амьд түүхийг өгүүлэх «Мокономи» номын хэсэг юм. Номыг бичиж, баримтаар нягталж, уншигчдад хүргэхэд хувь нэмрээ оруулаарай.

Leave a comment