МОКОНОМИ · I. Ядмагхан балчир нас · Бүлэг 2: “Баяртай Ленин”, Хай хямрал
Өдөрт цөөндөө хоёр удаа, хэдэн цагаар цахилгаан тасардаг болохоор картаар айлд ногдсон ганц ширхэг лаа хаанаа ч хүрэхгүй. Ирсэн цахилгаан нь хүч муутай, плитка дээрх хоол буцлахыг чилтлээ хүлээнэ. Цахилгаангүй, лаагүй үдэш хүүхдүүд гэрийн даалгавар хийхгүй сайхан шалтаг болдог ч зурагт үзэхгүй эрт орондоо орох нь харамсалтай. Харин томчуудын амьдралынх нь бүх л хэмнэл, төлөвлөгөө алдагдана.
Гэрэл цахилгаан тасрахаас илүүтэй дулаан доголдох нь хэцүү зовлон. Өвөл гэртээ гадуур хувцастайгаа сууж, шөнөдөө бүхлээрээ орондоо орж, хөнжлөө давхарлан хучиж унтана. Угсармал орон сууцны айлууд байрныхаа агааржуулалтын сувагт төмөр зуух суулгах нь ердийн л нэг үзэгдэл болов.
Албан ёсны статистикаас харвал Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 1990–1992 оны хоёрхон жилийн хугацаанд дөрөвний нэгээр унасан байдаг. Дээрээс нь Оросоос авдаг импортын цахилгаан тасарснаас эрчим хүчний нийлүүлэлт улсынхаа хэрэгцээний хаана нь ч хүрэхгүй гацжээ.
Ахмадууд цахилгаан гэрлийг социализмын гол ололт гэж үнэлэн “Ильичийн гэрэл” гэж нэрийддэг байлаа. Гэвч социалист тогтолцоо нуран унахад Владимир Ильич Ленин Монголоос буцахдаа цахилгаанаа ч бас аваад явчхав уу гэлтэй нөхцөл байдал үүсэв. 1991 оноос Зөвлөлт Холбоот Улс болон ЭЗХТЗ-ийн худалдааны сүлжээ задарч, цахилгаан станц, нүүрсний уурхайн түлш, сэлбэг, тоног төхөөрөмжийн хангамж тасарсан юм. Мөн валютын хомсдол тулгарч Оросоос авдаг цахилгаан эрчим хүчний импортоо ч зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байдаг.
Ядахад яр гэгчээр дотоодын станцууд, дамжуулах сүлжээн бүхэлдээ технологийн хувьд хуучирч муудснаас найдвартай ажиллагаа нь доголдов. Цахилгаан станц, дулааны шугам, дамжуулах сүлжээ нь асар их хөрөнгө шаарддаг, байгалийн монополь шинжтэй, тариф нь улс төрийн дарамтад амархан өртдөг. Одоо ч мөрддөг хямд тариф ба алдагдлын асуудал социализмаас өвлөгдсөн юм. Дэлхийн банкны 1991 оны тайланд эрчим хүчний системийн тариф бодит өртгөө нөхдөггүй, түүнд өгдөг татаас нь тухайн оны улсын төсөвт тусгасан нийт татаасын талаас илүүг нь эзэлж байсныг тэмдэглэжээ. Эрчим хүчний үнийг хиймлээр хямд байлгах нь хэрэглэгчид хожоотой мэт санагдавч, цаана нь засвар үйлчилгээ, шинэ хөрөнгө оруулалт хойшлогдон систем бүхэлдээ доройтдог. 1990-ээд оны эхний эрчим хүчний хямрал энэ гажуудлыг бэлхнээ харуулсан ч асуудлыг Монгол Улс гадаадын хандив тусламжаар аргацаан шийдвэрлэсэн юм. Тиймээс өртгөө нөхдөг тарифын систем, хөрөнгө оруулалтын тогтвортой механизм, бие даасан зохицуулалт одоо ч манайд жинхэнэ утгаараа хэрэгжиж чадаагүй л байна.
Цахилгаан бол өөр зүйлээр орлуулдаг юм уу, эсвэл картаар хуваарилж болдог бараа биш. Цахилгаан тасрахад дэлгүүр, тээвэр, холбоо, эмнэлэг, сургууль зэрэг олон үйлчилгээ доголдож эдийн засгийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалддаг. Ойн түймэр модноос мод дамжиж ой бүхэлдээ, цаашлаад хавийнхаа бүх ургамал, амьтанд аюул учруулдагтай зүйрлэж болно.
Айл гэр, албан байгууллагуудыг ч цахилгаанаар бүрэн хангаж чадахгүй байсан тул гудамжны гэрлийг асаахаа болив. Харанхуй гудамж, гэрэлгүй орцонд гэмт хэрэг гаарах нь жам ёсны асуудал. Хутга тулж дээрэмдэх, хулгай хийх, хүчирхийлэх хэргүүд шил шилээ шүүрэн гарч эхлэв. Хүүхдүүд хүртэл гэмт хэрэгт татагдан орж, гудамжаар явж буй хүмүүсийн өмссөн булган малгайг шүүрээд зугтаадаг болов.
1989 онтой харьцуулахад 1992 онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 63.5 хувиар өсчээ. Мэдээж энэ өсөлтийг ганц харанхуй гудамжаар тайлбарлах нь гэнэн. Эдийн засгийн хямрал, ажилгүйдэл суурь шалтгаан боловч хүний хөдөлгөөн багатай, харагдах орчин муутай бол гэмт хэрэг хийх боломж, сэдлийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Кримнологичид орчны нөхцлөөс үүдэлтэй гэмт хэргийн боломж гэдэг ийм үзэгдлийн тухай олон талаас судалсан байна. Жишээ нь, Нью-Йорк хотод хийсэн туршилтаар гудамжны нэмэлт гэрэлтүүлэг тавьсан хорооллуудад шөнө цагаар гардаг ноцтой гэмт хэрэг дор хаяж 36 хувиар буурч байжээ.
Нийгэм бухимдалтай, тогтворгүй байх үед хүмүүс баримтгүй зүйлд ч амархан итгэж, даган шуурах нь бий. 1991 онд “Гал гаргадаг Өнөрмаа” гэдэг онцгой чадвартай эмэгтэйн тухай яриа тархаж, төр болон шинжлэх ухааны байгууллагууд хүртэл түүнийг онцгойлон анхаарч, байр өгөн, эмнэлгийн хяналтад авч байлаа. Эрчим хүчний дутагдалд орчихсон байсан цагт өөрөөсөө гал гаргадаг хүн гараад ирэхэд улсаараа шүтэхээс ч яалтай. Гэвч амьд галын бурханы маань үйлдэл нэг л сэжигтэй санагдах болж, цагдаа нарийвчлан шалгахад ариун цэврийн хэрэглэлд нуусан шүдэнзээр гал гаргаж байсан нь илчлэгдсэн юм. Мөн үзмэрч Ч.Дашцэрэн гэгч “Ромбу гарагтай холбоо тогтоон, Монгол Улсын хувь заяа, хөгжлийг ярилцаж байна” хэмээн гарч ирэв. Үүнийг нь Үндэсний телевизээр дамжуулж, Ерөнхийлөгчийн түвшинд хүртэл ач холбогдол өгч байжээ.
Эдгээр түүх одоо дурсахад инээдтэй, тэнэг юм шиг боловч тухайн үедээ тоглоом биш байв. Хуучин тогтолцооны итгэл үнэмшил, хандах зүг бүгд үгүй болсноос хүмүүс зүг чигээ алдсан цаг үе. Яаж амьдрах, юунаас итгэл найдвар эрэхээ олоогүй, харанхуй гудамжны хаана нь гэрэл гэгээ байгааг мэдэхгүй үед хүмүүс гэнэтийн аврал, супер баатруудыг сэтгэлдээ эрж байж.
Гуч гаруй жилийн дараа өнөөгийн Улаанбаатар 1991 оных шиг тас харанхуй биш ч эрчим хүчний систем нь эмзэг хэвээрээ л байна. Дотоодын хэрэгцээний эрчим хүчээ найдвартай, тасралтгүй, боломжийн үнээр хангаж чадах уу гэдэг нь манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, гадаад импортоос хамаарах хамаарал, цаашлаад үндэсний тусгаар тогтнолын асуудал болон өргөжсөн байна.
ЭЗО ЭНГИЙНЭЭР
ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ (Energy Security)
Улс орон хэрэгцээтэй эрчим хүчээ найдвартай, тасралтгүй, боломжийн үнээр хангаж чадах чадварыг эрчим хүчний аюулгүй байдал гэнэ. Импортын өндөр хамаарал, хуучирсан станц, хүчин чадлын дутагдал, үр ашиггүй ажиллагаа зэрэг нь энэ аюулгүй байдлыг сулруулдаг.
2024 онд Монгол Улс хэрэглэсэн цахилгааныхаа дөрөвний нэгийг импортоор авчээ. Дэлхийн банкны тооцоогоор хэрэглээний төлбөр эрчим хүчний өртгөө ч нөхөхгүй байлаа. Хэрэглэгч өнөөдөр хямд цахилгаан авч байгаа мэт боловч зөрүү нь алдагдалтай уурхай, хуучирсан станц, төсвийн татаас, өр, шинэ хөрөнгө оруулалтын дутагдал хэлбэрээр хуримтлагдсаар 2024-2026 онд эрчим хүч хангалтын хямралд орж 1990 оных шиг цахилгаан удаа дараа тасардаг боллоо. Төрөөс эрчим хүчний реформыг тодорхой хэмжээнд эхлүүлэн тарифыг нэмж, хөрөнгө оруулалт татах оролдлого хийж байна.
Үр ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниуд энэ дарамтыг улам бүр хүндрүүлдэг. Монгол Улс бүх үйлдвэр, аж ахуйг зөвхөн төр эзэмшдэг хуучин тогтолцоог халж, зах зээлийн эдийн засаг руу хүнд хэцүү шилжилт хийсэн ч эрчим хүчний салбартаа суурь реформ хийгээгүйн шийтгэлээ өнөөг хүртэл хүртсээр яваа. Данхар төрийн өмч, тусгай худалдан авалт, хиймлээр тохируулсан үнэ тариф нь засаглалын чанарыг тасралтгүй дордуулж байна. Авилгатай тэмцэх газрын (АТГ) 2024 оны тайланд эрчим хүчний төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт олноор шалгагдсан бодит жишээ бий.
Үнэ нь өртгөө нөхдөггүй, компаниуд нь алдагдалтай, засаглал нь сул дорой байх аваас хэрэглэгч эцэст нь харин ч илүү өндөр үнэ төлөхөд хүрдэг. Заримдаа шууд мөнгөөр, заримдаа далд татвараар, заримдаа бүр харанхуй тас харанхуйгаар төлнө. 1990-ээд оны эхэн үеийн хямрал бидэнд ийм нэгэн маш том сургамж үлдээсэн билээ.
Эрх чөлөөт зах зээл, элбэг хангалуун амьдрал гэдэг зүгээр л унтраалга дарахад асдаг гэрэл биш ээ. Түүнийг тасралтгүй, найдвартай асаалттай байлгахын тулд суурь системүүд нь зогсолтгүй, эрүүл ажиллах ёстой. Тухайн үеийн үнийн өсөлт, картын бараа, гэрэлгүй гудамж зэрэг нь тус тусдаа тохиосон санамсаргүй зүйлс байгаагүй бөгөөд гэнэт задарсан хуучин эдийн засгийн тогтолцооны өөр өөр шинж тэмдэг байсан юм. Энэ бүхэн яагаад нэгэн зэрэг тохиосон, хуучин систем нуран унасан тэр завсарт Монгол Улс ямар сонголт хийсэн тухай дараагийн хэсэгт өгүүлнэ.
Гэрэлгүй гудамжинд хүмүүс замаа харахгүй тэмтчин явдаг шиг Монголын нийгэм ч хэсэг хугацаанд зүг чигээ бүрэн алдсан билээ. Гэвч хуучин тогтолцооны нуранги дээр шинэ дүрэм, шинэ институт, шинэ эдийн засгийг босгож, “хонгилын үзүүр дэх гэрэл” рүү зүтгэсэн түүх цааш үргэлжилнэ.
Энэ нийтлэлийг хуваалцах
Танд таалагдсан бол найзууддаа илгээгээрэй.
Мокономиг хамтдаа бүтээе
Энэ нийтлэл Монголын эдийн засгийн шилжилтийн амьд түүхийг өгүүлэх «Мокономи» номын хэсэг юм. Номыг бичиж, баримтаар нягталж, уншигчдад хүргэхэд хувь нэмрээ оруулаарай.

Leave a comment