Би бээр болбоос шашин гэдэг бол зөвхөн хүмүүсийн хоорондын хуулиар зохицуулагддаггүй харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг зохицуулж хүний дотоод сэтгэлийг ариун байлгах материаллаг бус, гэхдээ шинжлэх ухааны биш оюун санааны итгэл үнэмшил, үнэт зүйлсийн тогтолцоо гэж үздэг нэгэн. Тиймээс хүн алж, хулгай хийхгүй, бусдад хорон муу санахгүй, зөв сэтгэлтэй явбал гэгээрч гийгүүлэхгүй ч гэлээ сэтгэл өөдрөг явна гэж боддог, бурханд тэр л хэмжээнд итгэдэг. Бас хүн мичнээс үүссэн, хүн төрөлхтний мэдлэгийн сан оргүй хоосноос аажим аажмаар бий болсон гэх мэтийн марзан/дунд сургуульд байхад туйлын үнэн мэтээр сургаж байсан/ онолуудыг шүтдэггүй, гэлээ гээд бурхан хүнийг шавраар зуураад хийчихсэн, эсвэл ертөнцийн эзэн Адамын хавиргыг аваад… энэ тэрийг сонсохоороо бүр ч их инээд хүрдэг. Ер нь л амьхандаа шашинг оюун санааны үнэт зүйл талаас нь хүндлэн дагадаг ч шинжлэх ухааныг доромжилсон мухар сүсэгийг бол үгүйсгэх санаатай. Жишээлбэл өнөөдөр үсээ засуулж болохгүй, маргааш ажилдаа явах эсэхээ энэ зурхайг харж байж мэд, өчигдөр танилцсан хүүхэнтэйгээ суу гэх мэтийн айлдваруудыг огтхон ч тоодоггүй нэгэн.
Гэтэл яах аргагүй тэр хэлээд байсан чинь? гэж бодогдох тохиолдол байх юмаа. Тухайлбал намайг пүрэв гарагт бол ер нь хэцүү дээ, бараг л гэрээсээ гаралтгүй болтой зурхайг их сонсож байсан ч нэг ч удаа итгэж байгаагүй. Гэтэл өчигдөр… пүрэв гарагт… эрээн модтой дээрэмчдэд л гэхэд/зам дээр байдаг/ хоёр удаа гартуулж 14.000 төгрөгөөр торгууллаа, ихэд таалагдаж байгаа бүсгүйтэйгээ уулзах гэж бодсоор яваад амжсангүй, орой нь хэдэн найзуудтайгаа муушигдсан чинь анх удаагаа нэг ч гараагүй хожигдлоо, гараад иртэл машины дөрвөн дугуйны калпаакыг “эзэд нь” аваад явчихаж/тоосго өрчихөөгүй нь яамай даа/, огт төлөвлөөгүй байсан зардал гарч 190.000 төгрөг зүгээр байж байгаад аваачиж өглөө.., ашгүй нэг юм Пүрэв гараг дууслаа.
Одоо би зурхайд итгэх хэрэгтэй юу?
Угийн зөрүүд зан минь “яг ш дээ” гэж байвч Эйнштэйн хүртэл буддын шашин, түүний одон орон судлал, зурхайг ихэд үнэлж байсныг бодохоор шинжлэх ухааны үүднээс нотолж чадахгүй байгаа маш их мэдлэг нарийн тооцоо энд үнэхээр байгаад байна уу. Од гаригсын эрхшээл, нөхцлүүд нь хүний бие организмд нөлөөлдгийг бол эрдэмтэд баталчихаад байх шиг байгаан, гэхдээ аз хийморь гэх мэтийн хийсвэр нөхцлүүдийг бас бүрдүүлдэг гэж нэг ч физикч хэлээгүй болохыг өнөөдөр төрсөн өдөрөө хийж буй миний физикч найз нотлоод байгаа юм.
Бас сүнс, хойд нас гэх мэтийн саяхныг хүртэл “мухар сүсэг”-т багтаж байсан ойлголтуудыг буйртай эрдэмтэд барьж аваад нухаад байвч олигтой нотолгоо бас няцаалт ч гарахгүй байх шиг байгаан. За тэр яахав, одоо тэгээд би алинд нь итгэх вэ..? дөрөв дэхь өдөр муушиг тоглох юмуу үгүй юмуу?
Тэгэхээр энэ бүгдийг нэг тийш болгох даалгаврыг нөхөр физикч Хосоо чамд төрсөн өдрөөр чинь өглөө. Happy birthday Khosoo to you!
Leave a Reply