Сумочин Даваажаргал Япон бүсгүйтэй сүй тавьснаа зарласан нь Монголоор нэг хэл ам болж орхидог юм байна. Хайран монгол цус, аваргын ген! гэж ирээд л… чухам л монгол цус булингартаж монгол хүний удмын сан устах аюулд ороод байгаа юм байх.
Тэгвэл барууны судлаачдын сүүлийн үед барин тавин нотлоод байгаагаар 13-р зууны байлдан дагууллын үед монгол эрчүүдийн дэлхийгээр нэг тараасан “юм”-ны үр дүнд европ, дундад азид 200-аад ч гэлүү сая хүн монгол ген тээж явдаг юм гэнэлээ. Тэгэхээр үүний төлөө Чингис, Бат хаан, Зэв, Сүбээдэй баатар, тэдний дайчид зэрэг хүмүүсийг Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллах хэрэгтэй болж таарч байх шиг байна. Үнэндээ тэр үед болон түүний дараах үеүдэд Монголчууд мөхөж доройтоогүй, харин ч түүхэндээ хамгийн хүчирхэг байсныг түүх гэрчилнэ. Энэ хүчирхэг байдлын нууц нь тэд дэлхий ертөнтэй ямар нэг шашин, ураг төрөл, газар нутаг гэлтгүйгээр нээлттэй харилцсан, чөлөөт худалдаа, мэдээллийн чөлөөт систем гэх мэт даяарчлалын хандлагыг түргэн мэдэрч түүнийг манлайлж чадсаны үр дүн гэж үзэцгээх юм билээ.
Харин харь холын хүн байтугай хажуудаа байгаа эмэгтэйчүүдтэй “цусаа холилдуулахгүй” сүм хийдэд сууцгаачихсан дундад зууны үедээ монгол эрчүүд, монгол улс ямархуу байсныг бид бас л мэднэ. Тиймдээ ч дээр үеийн хүмүүс эр хүн хол газраас сайхан бүсгүйг олж авах нь бахархалтай хэрэг гэж үздэг, үлгэр домогт ч ингэж гардаг билээ. Ингэснээр үндэстэн үгүй болно гэдэг бол дэмий хийрхэл юм бишүү. Өнөө үед үндэстний өвөрмөц байдал, дархлааг цусны шинжилгээгээр биш оюун санаа, нийгэм соёлын ололттой байдал, эдийн засийн тусгаар байдал зэргээр үнэлж хэмждэг болоод байгаа юм гэнэ билээ. Ямар сайндаа л 200 жилийн өмнө болон одоо ч өөрийн гэсэн цусны бүлэг, генийн бүтэцгүй хэрнээ Америк хэмээх улс ямар хүчирхэг байдаг, энэ үндэстний үнэт зүйл ямар түгээмэл байдгийг бүгд л биширч байхав дээ.
Тэгэхээр монгол эрчүүд жалганыхаа эмэгтэйчүүдтэй цусаа ойртуулж сууснаас, дэлхий дахины улс үндэстэн бүрийн сор болсон хүмүүсээр цусаа сэлбэж байх нь зөв юм бишүү. Хятадын асуудал бол шал өөр кейс гэдгийг онцлон хэлье, энд удам судраар нь дамжуулж газар нутаг, оюун санааг нь эзэгнэх гэсэн том гүрний бодлог, түүнээс хамгаалах чадварын асуудал яригдах учиртай.
Мөн охид маань ч гэсэн эрчүүдтэй тэгш эрхтэй нь энэ гээд гадныхантай нэг их садарлаад бай гэсэн дүгнэлтэд хүрч байгаа хэрэг биш шүү. Энэ нь хүний эрхийг үгүйсгэсэн, жендерийн асуудал биш болохыг миний блогыг уншигч охидууд маань ойлгоно гэж найдаж байна.
Leave a Reply