Хөх хотод явж байгаад хэдэн танидаг өвөр монголчууддаа тоглоом шоглоомоор “та нар муусайн хятаджисан гарууд, хужаа нартай нийлж маниусаа хулхиддаг” гээд хэлчихсэн чинь уйлах нь ээ. Тэгснээ нэг нь: Бид уул нь ар монголынхноор бахархдаг, бие даасан улс болж өнөөг хүртэл явж ирсэн бидний цус нэгт ах дүү нар гэж боддог. Гэхдээ энэ бахархал одоо үгүй болж байна, та нар арчаагүй учраас түүх, соёлоо мартаж маниусаа доромжилдог, та нар арчаагүй учраас хятадууд биднийг дарлаж, уусгаж байна гэж хэлдийм даа. Ёстой ч нэг “хн…” гэтэл хэлсэн дээ. Тэгээд тэднүүстэй үндэсний үзэл их монголын тухай жаал ярьлаа. Их сонин сонин юм ярьснаас ганц нэгж жишээ татъя.
Манй телевизүүдээр их гардаг “Хятадын Чингис” гэж нэрлэсэн 24 ангит цувралыг үнэндээ өвөр монголчууд өөрсдөө хийсэн гэнээ. Найруулагч нь хятад хүн гээд байсан чинь эхийн талаасаа монгол цустай тал нутагт өссөн хүн гэнэ. Тэгээд монгол эзэнтэй томхон компаниуд нь санхүүжүүлээд 30 бүлэг Чингис хаан кино хийснийг нь хятадууд дэлгэцэнд гаргах зөвшөөрөл өгөлгүй 5 жил дарсан байна. Энэ хугацаанд CD, DVD-ээр Хонгконг, өмнөд нутаг, гадаад улсуудаар тараад өндөр аваад эхлэхээр нь хятадууд дахиж хянаад 6 бүлгийг нь хасаад гаргасан нь тэр байж. Хасагдсан 6 бүлэгт нь Чингис хаан морьтойгоо цагаан хэрэм дээр гарч ирээд буухад үй түмэн хятадууд өвдөг сөгдсөн байх гэх мэтийн сцен байдаг, гоё нь тэр хэсэгт үнэнээсээ хятадууд тоглосон байдаг гэж уг кинон дээр Хучирийн дүрд тоглосон Бат гэдэг залуу ярьлаа.
ӨМӨЗО-ын өмнөх тэргүүн нь байсан Енбүүлэн гэж хүнийг домог мэт ярих юм. Тэр нь монголын газарт тариа тариулахгүй гэх мэтээр хятадуудтай үзэлцдэг нөхөр байж л дээ. Тэгсэн чинь машинтайгаа явж байгаад галт тэрэгний зам дээр гэнэт унтраад дайруулаад үхчихсэн гэнэ. Улс төрийн аллага юм байгаа биз.
Нээрээ нэг Монгол бар гээд юм байхаар нь орсон чинь Соёмбо хамтлагт тоглож байсан монгол залуу эхнэртэйгээ түрээсэлж ажиллуулдын байна. Жинхэнэ эзэн нь ордос хүн байдаг гэнэ, ороход хар ч гэсэн цайгаар дайлдаг, монгол стилийн тохижилттой энэ бааранд Хөххотдоо үндэсний цөөнх болчоод байгаа Өвөрмонгол, дээд монгол, хотон, дөрвөдүүд цугладаг юм байна. Хэдэн нөхөр хамтлаг болж тоглоно, тэдний нэгэнтэй уулзсан чинь Дөрвөдийн хошууных гэнэ. Жоохон ярьсан чинь мань хүн: би сайн мэдэхгүй байна гэхдээ Галдан бошигт л байлдаж явахдаа маниусыг хаяад явчихсан юм шиг байгаан, манай хошууныхан тэгээд хүн ам нь өсч сая шахаад хүчтэй болоод ирсэн чинь хятадууд баруун, зүүн гэж хоёр хуваагаад дундуур нь 800 мянган тариачин хятадыг оруулчихсан гэж ярьлаа. Энэ хятадуудын бодлого уу.
Гэх мэтийн факт сонсоод байхаар яалт ч үгүй Pan mongolism буюу нармай монголын талаар мөрөөдөж эхэлдийн байна. Одоо маниус хятадаас өвөр монголыг, оросоос буриадыг салгаж аваад унгарын мажаар, афганы хазааруудыг дуудаж ирнэ гж байхгүй байх л даа. Гэхдээ эдийн засгийн хувьд хүчирхэг, олон улсын тавцанд баттай байр суурьтай байх юм бол тэдний оюун санааны төв, харж залбирдаг өмөг түшиг нь байх бүрэн боломжтой, энэ зуунд миний бодож байгаагаар нармай монголын үзэл ийм хэлбэрээр биелж болох юм шигээ.
Үндэсний уламжлалт баяр цагаан сарын өмнөх блогийг зориуд иймэрхүү сэдвээр бичихээр шийдлээ. Өвөрмонголчууд ч гэсэн биний адил, бүр илүү ёс жаягтайгаар цагаан сараа тэмдэглэж байгаа, европод, ази бүхэлдээ, африкийн хойд хэсэгт нэгэн үе энэ бол төрийн баяр байсан гээд бодохоор бахархалтай.
Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй. Бас үндэсний үзлийн талаар(үндсэрхэг биш) санал бодлоо солилцоно бизээ.
Leave a Reply