Сүүлийн үед сав л хийвэл Никитоныг сонсдог боллоо. Уул нь ч хар багийн л хамаг дууг нь дагаж дуулдаг байсан л даа, гэхдээ сүүлийн үед яагаад ч юм ердөө л тэдний дээхэн үеийн дуунуудаас өөр юм сонсохоо больж. Нууцхан сэтгэл, Чамд би, Цамцаа тайл, Ялгуун, Янаг цэцэг, Бүсгүй гээд л… бүр Бачка Өөжгий нарын хэдэн хүнтэй халтуур хийдэг бааранд ч очиж сонссон.
Гэтэл гадуур арай өөр л юмнууд хит болоод байх шиг байхын. Болд, ВХ, Киви миви портофел ч гэнэ үү. Радиогоор эднүүс л явах юм, тэгэнгүүт нь шуудхан утсаа гаргаж ирээд Никитон тавьж орхиод байгаа маань нас яваад хойшоо л харж бодож сэтгээд байгаагийн илэрхийлэл юм биш биз дээ.
Би зөвхөн Никитон ч биш Хурдын фэн гэхэд болно доо, гэхдээ хүмүүсийн сонсох дуртай дуунууд биш хээн гоё рок дуу болон анплаггедуудыг нь сонсох дуртай. Одоо ч дөнгөсхийвэл машины хөгжимд түлхдэг. Энэ мэтээр орчин үеийн, залуучуудын сонсож байгаа шинэ, илүү стилтэй хөгжмийг сонсохгүй аль эрт байгаад өнгөрсөн носталгинуудыг байнга сонсоод байх нь өнөө цагийг үгүйсгэгч өнгөрснөөр амьдардаг баагийнуудын шинж байж болзошгүй тухай хаа нэгтээ уншиж байсан болохоор өөрийгөө тэдний эгнээнд орж байгаа юм болов уу гэж их юм бодоод байгаа маань энэ.
Зарим хүн нэг иймэрхүү тайлбар хийдэг л дээ: Монголд поп рок хөгжим зогсчихоод байна ш дээ, нэг хэсэг хэдэн өмдий чирсэн баагийд дарагдсан, одоо найрны дуунд замхарч байгаа гэж. Үнэхээр ч сүүлийн үед гарч ирж байгаа хамтлаг дуучид, тэдний хийж байгаа юм нь тэгж сайн болохгүй байж болох юм.
Гэтэл гадаадад бас л адилхан юм байх даа. Өнөөх чинь гадаадын орчин үеийн хамтлаг дуучид эднүүсийг бол ер мэдэхгүй ш дээ, хамгийн сүүлд Linking park гэдэг гайгүй хамтлаг гарсаан л гэсэн ойлголттой бусдыг нь огт сонирхохгүй аль эртний Guns’n roses, Metallica сонссон л хүн. Тэгэхээр хуучны хөгжим сайн гэдэгээс гадна хүн нь хуучин байх магадлал бас байгаад байх шиг байгаан.
Хөгжим тухайн үеэ хүмүүжүүлдэг гэж үг бий. Тийм бол огт харьцуулж болохгүй хоёр өөр хөгжмийг нь харахад өнөө үеийн хүүхдүүд манай үе хоёрын аль нь гайгүй хүмүүжсэн, аль нь хэцүүхэн болж таараад байна вэ? Та нар ер нь энэ талаар юу гэж бодож байна вэ?
Leave a Reply