Жон Перкинс хэмээх зохиолчийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” ном Монгол хэлээр орчуулагдаж гарсныхаа дараахнаас манай улс төрчдийн ишлэх дуртай нэр томъёоны тоонд “ард түмэн, төр” зэрэг үгстэй байр булаалдах болов. Түүнийг дагаад өөрийгөө боловсролтой гэж тооцдог олон хүний Библ болсны дээр хэвлэл мэдээлийнхний хувьд “эдийн засгийн алуурчин” хэмээх үнэтэй хослолооор гангарч нэг гартаа доллар сагсалзуулан нөгөө гартаа буу барьж хажуудаа шаргал үстэй хүүхнүүд дагуулсан Жеймс Бондууд Монгол орноор нэг холхилдож буй гэдэгт бат итгэлтэй болжээ.
Үнэхээр Перкинсийн дүрсэлж буйгаар “эдийн засгийн алуурчид” бол Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Америкийн Хөгжлийн Хамтын Ажиллагаа зэрэг олон улсын байгууллагуудаас өндөр цалин авч буурай хөгжилтэй орнуудыг дааж давшгүй их өрд унагах замаар сүйрүүлэн эд баялгийг нь хуу хамж хүн ардыг нь боол болгодог орчин цагийн супер тагнуулууд. (Perkins.J Confessions of an economic hitman) Тэдний ажлаа явуулах халхавч нь зөвлөх, гадаадын мэргэжилтэн гэсэн ажлууд бөгөөд гүйцэтгэдэг ажиллагаа нь санхүү эдийн засгийн зохиомол тооцоо судалгааг зээл, тусламж хүртэгч орнуудад тулгаж хүлээж авахгүй бол удирдагчдыг нь хахуульдах, хүүхэн шуухнаар татах, бүр болохгүй бол алах явдал. Товчхондоо тэд хуучин цагийн эзэн гүрнүүдийн колончлолын тоглоомыг даяарчлал гэх энэ цаг үед шинэ арга барилаар тоглодог. (Perkins.J Confessions of an economic hitman)
Энэ их айхтар хүмүүс, тэдний ард байгаа гадаадын, бүр тодруулбал өрнөдийн колончилогчдын эсрэг тэмцэх нь өнгөрсөн сонгуулийн нэг том сэдэв байлаа. Сэдвийн авторуудын нэг М.Энхсайхан энэ тухай их ч ярьж бүр нийтлэл бичсэн. Мөн сонгуулийн өмнө гарсан нэгэн нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Улаан: одоо бодоод байхад тийм байгууллагын тэр хүн яг эдийн засгийн алуурчин байсан байна гэх шахуу ярьж байв. Харин одоо энэ хоёр хүн хариуцлагатай албан тушаалд томилогдож улсыг удирдалцах болсон тул эдийн засгийн алуурчидтай хэрхэн тэмцэх бол?
Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын тайланд Сангийн сайд Токиод болсон хандивлагчдын уулзалтад оролцоод Дэлхийн банк, ОУВС зэрэг байгууллагуудаас монгол үзүүлж буй зээл, тусламжийг улам нэмэгдүүлэн, нэр төрлийг олшруулах ажил хийсэн тухай дурдсан байна. (СЯ 2012) Харин “Монголын Төмөр зам” компанийн захирлаар томилогдсон М.Энхсайхан энэ төслөө амжилтанд хүргэхийн тулд “дэлхийн болон бүс нутгийн нөлөө бүхий улсуудтай хамтарч ажиллах аятай нөхцлийг бүрдүүлэхийн төлөө” ажиллана гэжээ. (Я.Мөнгөнцэцэг 2012)
Эд нар маань үзэл бодлоо өөрчилчих нь энэ үү, эсвэл очоод уулзсан чинь нөгөөх “эдийн засгийн алуурчид” нь тийм ч муу хүмүүс биш байв уу? Ер нь тийм хүн байдаг юм уу?
Эдийн засгийн Форест Гамп биш биз?
Номынх нь тухай нэгэн шүүмжид Жон Перкинсийг эдийн засгийн алуурчин биш “Эдийн засгийн Форест гамп” гэж нэрлэсэн байв. (Wakatake) “Форест Гамп” кинонд Том Хэнксийн тоглосон тэнэгдүү нөхрийг аливаа чухал түүхэн үйл явдлуудын гэрч болгон холбогдуулах замаар нэг хүнээр дамжуулж нэг улсынтүүхийг өгүүлсэн байдаг. Гэхдээ Гамп тэрхүү үйл явдлуудынхаа автор бүү хэл идэвхитэй оролцогч ч биш, тийм чадавхи ч байхгүй.
Мань Ж.Перкинс өөрийгөө “эдийн засгийн алуурчин” байхдаа олон нүгэл хийсэн тул одоо нүглээ наминчлан хүн төрөлхтөнд үнэнийг хэлж буй гэдэг, үүнийгээ Индонез, Панам зэрэг улсуудад 1970-аас 1980-аад онд өрнөсөн үйл явдлуудаар батлах гэж оролдсон. Дашрамд дурдахад номонд фото зураг, санхүүгийн баримт, ярианы тэмдэглэл мэтийн нэг ч баримт ашиглагдаагүйг супер тагнуулын ажлын онцлог гэж ойлгож бас болох юм. Түүний ийм замд анх орсон гэх түүхээс наминчлалд нь эргэлзэх эргэлзээ эхэлнэ. Ахлах сургуульдаа сурлагадаа муу байсан ч сагс тоглодогийн хүчинд коллежид тамирны тэтгэлгээр сурч байгаад хөөгдөж хэдэн жилийн дараа Бостоны нэгэн сургуулиас Бизнесийн удирдлагын бакалаврын диплом авсан түүнийг Үндэсний Аюулгүй байдлын Албанд (NSA) ажилладаг эхнэрийнх нь хамаатны ах хөөцөлдөж байж “эдийн засгийн алуурчны” хариуцлагатай ажилд авсан гэж түүх эхэлдэг. Ингэж мань эр инженер эдийн засгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг The Main компанид нарийндаа бол Америкийн тусгай албанд ажилд орсон гэж байгаа. Анхны ажил нь Индонезид байгуулагдах гэж буй цахилгаан станцын эдийн засгийн тооцоо судалгаа! Сүрдмээр боловч мань хүн хийж чадсан, учир нь техник эдийн засгийн үндэслэл тооцоо хамаагүй зүгээр том тоонууд л тавиад бай гэж дарга нь даалгасан гэж байгаа. Үр дүнд нь Индонез улс маш их зээл авч хэтэрхий нүсэр цахилгаан станц барьсан, ийм замаар тус улсыг колончилох ажил хийгдсэн, үүнийг нь Индонезийн ард түмэн мэддэг бүр жигшин зэвүүцдэгээ түүнд хэлж байсан ч дарга нарыг нь хахуулдьсан тул ажил бүтсэн гэдэг.
Сидней их сургуульд Эдийн засгийн доктор хамгаалж буй Херфино хэмээх Индонез найзаасаа энэ тухай сэтгэгдлийг нь асуухад “Ардчилал, чөлөөт эдийн засгийг сонгосноор манай улс алдснаасаа илүү оносон, тэрхүү гадны зээл тусламжаар нь олон сая хүнийг нь бичиг үсэгтэй болгож нялхсын эндэгдлийг бууруулж чадсан. Мэдээж байгалийн баялгийн ашиглалт дээр алдсан зүйл байгаа, газрын тосны салбарт хийгдсэн зарим гэрээ улс оронд биш цөөн эрх мэдэлтэнд ашигтай болж байсан. Гэлээ гэхдээ гадаадынхантай хамтран ажиллах түнш байх уу, боол нь байх уу гэдэг бол биднээс л хамаарах асуудал” гэж хэлсэн юм.
Ж.Перкинс эрхэм цаашлаад Панамын ерөнхийлөгчийн үхэл, Ерөнхийлөгч Ж.Кеннеди, сенатор Р.Кеннеди, Мартин Лютер Кинг тэр бүү хэл Жон Ленноны үхэлд Америкийн Засгийн газар, түүний цаана байгаа корпорациуд буруутай, мөн 9 сарын 11 халдлагыг ч тэд өөрсдөө зохион байгуулсан байж болох юм гэж мэдэгдсэн нь мань хүн үнэхээр Форест Гамп юм биш байгаа гэж бодоход хүргэдэг. “Эдийн засгийн алуурчны наминчлал” номынх нь талаар сайн, муу ямар ч мэдэгдэл хийхгүй байсан АНУ-ын Засгийн газар харин үүний дараа няцаалт гаргасан байдаг. (Department 2006)
Эдийн засгийн хорлон сүйтгэгчид Монголд
Анхны уран бүтээлээ “Хэлбэрийг өөрчлөхүй: Бөөгийн техник” (Shapeshifting: Shamanic Techniques for Global and Personal Transformation 1997) нэртэй бөө мөргөл, далд хүчний тухай номоор эхэлж байсан, одоо бол багагүй нэр алдартай зохиолч Ж.Перкинсийн өгүүлж буй түүх үнэн, худлын алин болохыг би байтугай нь нотолж чадахгүй биз. Магадгүй тэнд үндэстэн дамнасан корпорациудын улс төрийн лобби, их гүрнүүдийн бодлогын (Америк, Орос, ардчилсан эсвэл коммунист ялгаагүй) цаад төрх харагдаж ч байгаа байх.
Гэлээ гэхдээ номын дэлгүүрийн бэстсэллэр эсвэл баримтат уран зохиол гэсэн тавиурт байх ёстой энэ ном Монголд эдийн засгийн шинжлэх ухаан, улс төрийн онолын гарын авлага болж байгаа нь харамсалтай. Ингэж бичих нь дэндүү сүржигнэсэн хэрэг мэт санагдаж байж магадгүй, гэхдээ л аливаа шинжлэх ухааны бүхий л суурь зарчмыг үгүйсгэсэн сайн дурын уран сайхан хэт алдаршихын гай бидэнд багадаагүй байна. Энэ үгийг сүүлийн үед “мухардалд орсон, юу ч тайлбарлаж чадахгүй” гэж дуудуулах болсон Физикийнхэн, долоо хоногийн дотор гадаад хэл сургачихаж чаддаггүй хэлнийхэн сайн ойлгож байгаа гэж бодож байна. Үүнээс хэн, юугаараа хохироод байгаа юм бэ гэдэг асуулт гарна. Одоо нэгэнт нүдний өмнө байгаа хийгээд яваандаа ноцтой үр дүнд хүргэж болох хэд хэдэн үр дагавар бий.
Монгол улс ардчилал, зах зээлийн замаар замнана гэж Үндсэн хуулиндаа тунхагласан. Зах зээлийн эдийн засаг гэдэг нь юу юм бэ, энэ орчинд яаж ажиллаж амьдрах ёстой, төр нь юугаа хийж, хувь хүн нь юугаа мэдэх ёстой юм бэ гэх мэтийн ерөнхий ойлголтоос эхлээд хөрөнгийн зах зээл, хувьцаа мэтийн мэдлэгийг олж авах гэж бид багагүй бартаатай замыг улсаараа туулж яваа. Харин худал үнэн нэг ном барьсан хэтэрхий мэргэн хүмүүс энэ зам бол колончлолийн зам гэж мэдэгдэж байна. Мөн тэд капитализм буюу зах зээлийн эдийн засаг онол, практик аль аль талаасаа хямралын ёрооолд хүрч цаашид оршин тогтнох боломжгүй боллоо гэж байна. (С.Энх-амар 2012) Тэгвэл тэртэй тэргүй таалагдахгүй байгаа тэр зах зээл гээчрүү явж байхаар буцаад коммунизмаа байгуулъя, гадаадынхныг хөөж явуулаад уурхайнуудаа нийгэмчилье, 21 мянгаа хувааж авъя гэж “ард түмэн” нэхэхгүй өөр яахав? Тэр бүү хэл өнөөх сэтгэгчид маань “хөгжилтэй орнуудад чинээлэг дундаж анги гэж байхгүй, тасарсан баячууд болон үгүйрч байгаа ядуучууд л бий бид яаж ч хичээж ажиллаж хөдөлмөрлөөд хангалуун амьдарна гэдэг бол худлаа, бид нэгэнт мөлжүүлж байгаа” гэж нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталдаж байна. (А.Баатархуяг 2012) Энэ бол нийгмийн сэтгэл зүйд явуулж буй хорлон сүйтгэх ажиллагаа гэлтэй.
Харамсалтай нь энэ туйлшрал төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд нэгэнт халдварлажээ. Учир нь манай эдийн засгийн бодлого сул, боловсрол нимгэн. Иймэрхүү хорлон сүйтгэл явлаа гээд үнэндээ бид даяарчлал, эдийн засгийн интеграциллаас нуугдаж үлдэх нь ч юу л бол. Гэхдээ хойш суухын хэрээр боломжийг алдаж хохирох болно. Нэг жишээ дурьдахад Оюутолгойн гэрээг 2009 онд биш 2006 онд баталсан бол одоо үйлдвэрлэлээ эхлээд 3 жил болчихсон, үнийн өсөлтийн оргил үе тул хөрөнгө оруулалтаа нөхөөд дуусч байх байлаа. (Жич гэрээний сайн, муугийн талаар яриагүй болохыг анхаарна уу)
Мөн ойрын үед Засгийн газар байгалийн баялгаа барьцаалан 5 тэрбум төгрөгийн зээл авах тухай ид ярьж байна. Ингэж их өр тавих нь өнөөх “эдийн засгийн алуур”-ын сонгодог технологи болохыг барин тавин “нотлох” сөрөг хүчнийхэн хангалттай бий гэдэгт итгэлтэй байна. Битгий л тэгээд гацаачихаасай.
Энэ мэтээр Америк тэргүүтэй өрнөд, түүний ардчилал, чөлөөт зах зээлийн бодлого бол нуран унаж буй капиталист колоничлолын суртал ухуулга гэж олон жилийн өмнө үзсчихсэн киногоо ярьсаар суух юм бол бид л дэлхийгээс хоцрохоос биш дэлхий манай нүүрсээр дутаад хөлдөөд үхчихгүй бизээ. Ингэвэл харин манийгаа өөд нь татаад авах өөр “хайр нь дотроо хал нь гаднаа” ах нар бэлэн байж байгаа.
Тиймээс бидний жинхэнэ дайсан бол гаднаас ирэх эдийн засгийн алуурчид биш дотроо байгаа эдийн засгийн хорлон сүйтгэгчид болж таарч байна.
DEPARTMENT 2006. Confessions or Fantasies of an Economic Hit Man? : State departmnet, USA.
PERKINS, J. Confessions of an economic hit man. 2006, New York, Plume.
WAKATAKE, K. K. Critical review: Confessions of an Economic Hit Man. Army Lawyer, June 2007.
А.БААТАРХУЯГ 2012. Зохиогчтой ярилцах цаг. 25-р суваг телевиз.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ. 2012. М.Энхсайхан: Энэ төслийг босгохын төлөө ажиллах хэрэгтэй байна гэж Ерөнхий сайд надад нуулгүй хэлсэн. Өдрийн сонин, 22.10.2012
Leave a Reply