Published on www.news.mn, 05/11/2012
Төрийн дэглэмийн хэлбэрүүдийн тухай ийм нэг нийтлэг онигоо гэх үү, оновчтой зүйрлэл гэх үү яриа байдаг: Та хувьдаа хоёр үнээтэй иргэн хүн байжээ. Улс таны хоёр үнээг хурааж аваад өөрт чинь ганц аяга сүү өгдөг бол энэ коммунизм. Эсвэл үнээнүүдийг авчихаад өөрийг чинь буудчихвал энэ фашизм. Харин хөршүүд чинь цуглаад таны хоёр үнээний сүүг хэн авах эрхтэйг (магадгүй та биш!) санал хурааж шийдэж байгаа бол энэ төгс буюу шууд ардчилал. Эхнийхэд нь бид хүрэх гэж яваад буцсан, одоо харин сүүлийнхийг нь зорьж яваа байж магадгүй.Ямартай ч өнөөдөр та болон үнээнүүд, хөршүүд, төрийн харилцаа яаж явж байгаа вэ гэвэл таны саналаа өгч сонголцсон төр сүүгээ зарж олсон мөнгөнөөс тань татвар авч хариуд нь үнээг хулгайч, дээрэмчнээс хамгаалах, өвдвөл эмчлэх гэх мэт нийтийн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээх байдлаар явж байгаа. Төр хэнээс ямар татвар авч юунд, яаж зарцуулахыгжил бүр нийтээрээ хэлэлцэн төлөвлөж, хэрэгжилтийг нь хянаж байхгүй бол мэдээж болохгүй. Энэ бүхэн бүхэлдээ улсын төсвийн үйл явц юм.

Өнөө цагийн төр нь малын хулгайчаас хамгаалах манаачаас илүү олон талт, магадгүй хэтэрсэн их эрх, үүрэгтэй болохоор улсын төсөв гэдэг нь зүгээр нэг төрийн байгууллагуудын орлого, зарлагын тооцоо төдий биш. Учир нь, энэ бол төр засгийн бодлого, үйл ажиллагааны бодит боломж бас хэмжүүр. Харамсалтай нь манай шийдвэр гаргах түвшинд төсөв бол төрийг өөрийг нь санхүүжүүлэх төлөвлөгөө гэж боддог бол иргэдийн дунд энэ нь төрийн албан хаагчдын тэр дундаа дарга нарын “саалийн үнээ” гэх үзэл давамгайлдаг. Үнэндээ үүнээс өөр юугаараа төсөв чухал гэж?
“2013 оны Монгол улсын нэгдсэн төсвийн нийт орлого ДНБ-ий 40 хувь, зарлага 42 хувьтай тэнцэнэ” гэсэн албан танилцуулга, түүнийг үг үсэггүй хуулсан хэвлэлийн мэдээг бид энэ өдрүүдэд хаа сайгүй харж, сонсож байна. Энэ мэдээг өмнөх энгийн жишээндээ буулгавал таны үнээнийхээ сүүг зарж олох 100 төгрөг тутмын 40-ийг нь төр татвараар хураан авах гэж байна гэсэн үг. Бас дээр нь нэмээд улс даяараа бүтээх нийт баялгийн хоёр хувьтай тэнцэх мөнгийг дотоод, гадаадаас зээлэх гэж байна гэсэн утга. Тэр их мөнгөний дийлэнх нь (ирэх оны хувьд 65 хувь нь) төрийн албаны өөрийнх нь өдөр тутмын урсгал зардал, албан хаагчдын цалинд явах ч үлдэх хэсэг нь нийгмийн халамж, хөрөнгө оруулалт хэлбэрээр буцааж хуваарилагддаг. Төсвийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэдэг дахин хуваарилалтын үүрэг гэж үүнийг хэлдэг. Та болон бусад татвар төлөгчдөөс олсон мөнгөөрөө огт үнээгүй Балдангийн хүүхдүүдэд сүү авч өгөх үү, хажуу айлын хөгшний тэтгэврийг нэмэх үү гэдэг бол хуваарилалтын бодлого. Төсөв нийгмийн баялгийг нэг хүнээс дараагийн хүнд, нэг газраас өөр газарт тэр бүү хэл нэг үеэс нөгөө үед хуваарилдаг. Жишээлбэл, Монгол улсын 21 аймгийн ердөө гурав нь л зарлагаасаа илүү орлоготой, тэдгээр аймаг болон Улаанбаатар хотоос төвлөрүүлдэг орлогоор улсын төсөв бүрдэх бөгөөд эндээс буцааж бусад 18 аймагт татаас олгодог. Үр дүнд нь Улаанбаатарт хамаг бизнес, хүн амын тал нь байгаа мөртлөө улсын төсвийн нэг хүнд ногдох зардлаар хамгийн бага (134 мянган төгрөг) төсөвтэй газар болж байгаа юм.
Манай улстөрчид төсөвт дахин хуваарилалт гэдэг утгаар нь маш их ач холбогдол өгч анхаардагаас биш дараагийн илүү чухал асуудлыг голдуу мартдаг. Тэр нь төсвийн эдийн засгийн хөгжлийг удирдан чиглүүлэх бодлого (удирдан жолоодох биш!) юм. Коммунизмд төр өөрөө бүх үнээг өмчилж, өөрийн хүчээр хариулж, сааж, сүүг нь ч өөрөө л хэрэглэдэг болохоор улсын төсөв гэдэг нь улсын эдийн засаг гэсэн үг байх. Харин хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэдэг бусад бүх нийгэмд төсөв нь төрөөс эдийн засагт оролцох оролцооны байж болох хамгийн илэрхий хэлбэр, бодлогоо хэрэгжүүлэх хэрэгсэл нь болдог. Австрали улсын 2012-2013 оны холбооны Засгийн газрын төсвийн танилцуулгаас жишээ авъя. Тэнд “энэ онд бид тэнцлийн алдагдалтай төсвөөс ашигтай төсөвт шилжиж байгалийн баялгийн орлогоос өрх гэр, жижиг бизнесүүдэд ногдох үр ашгийг нэмэгдүүлнэ, бүтээмжийг өсгөнө… Ашигтай төсөв нь мөнгөний илүү үр дүнтэй бодлого хэрэгжих боломжийг нэмэгдүүлнэ, олон улсын эдийн засгийн хүндрэлтэй үед үндэсний эдийн засгаа хамгаалах дархлаа болно, дэлхий дахинд манай санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл төрүүлнэ” гэх мэтээр зорилгоо тодорхойлохоос гадна уул уурхайн салбараас олж буй орлогө өрх гэрүүд, жижиг бизнесүүдэд ямар сувгаар очих, татвар, зохицуулалтууд яаж өөрчлөгдөхийг танилцуулжээ. Манайд улсад ч гэсэн төсвийн орлогын цөмийг бүрдүүлдэг байгалийн баялаг байгаа юу байгаа, айл өрх, жижиг бизнес ч байгаа юу байгаа. Тиймээс төсөв маань бас ялгаагүй иймэрхүү байдлаар эдийн засгийн тодорхой бодлогод чиглэсэн байх учиртай.
Энэ тал дээр 2013 оны төсөвт хэд хэдэн эерэг өөрчлөлт хийгдсэн, гэхдээ эдийн засгийг чиглүүлэх бодлогын хэрэгсэл болохын хувьд сайн төсөв болж бас л чадсангүй. Сайн мэдээнээс эхэлье. 2012 оны төсвийн алдагдал ДНБ-ий тав орчим хувь байхаар байна, 2011 онд 9.7 хувь байсан, түүний өмнөх жил зургаан хувь гэх мэтээр жил бүр эрс тэс зөрүүтэй гардгаас Монголын “улсын санхүү” үргэлж тогтворгүй явж ирсэн. Харин энэ төсвөөс шинээр хэрэгжиж эхэлж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу “тэнцвэржүүлсэн” алдагдал эсвэл ашиг хоёр хувиар хэтрэхгүй байх ёстой бөгөөд үүнд нийцүүлж зарлагаа төлөвлөдөг болж байна. Тэнцвэржүүлсэн гэдэг нь төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг зэс, нүүрс мэтийн гол нэрийн түүхий эдийн үнийг өмнөх 12 жилийндундаж, ирэх оны прогноз хоёрыг тэнцвэржүүлэн тооцоогоо хийхийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ багахан унахад л төсөв бүхэлдээ хүндрэлд ордог байсан эмзэг байдал арилж байна гэсэн үг. Түүнчлэн төрийн байгууллагуудын урсгал зардал жил тутам 30 гаруй хувиар нэмэгдэж ирсэн үрэлгэн явдал зогсож урсгал зардал биш хөрөнгө оруулалт ийм хэмжээгээр өсөх болж байгаа нь ололттой.
Гэхдээ 2013 онд төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн 1.9 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалт яг юунд зарцуулагдах гээд байна вэ гэдэг нь ихээхэн чухал. Чухамхүү мөнөөх хөгжлийн бодлого, зорилттой уялдсан, тооцоо судалгаанд суурилсан байна уу гэвэл тийм биш болохыг энэ нийтлэлийн төгсгөлд дурдсан хөндлөнгийн үнэлгээнээс харж болно. Хэдийгээр төсөвт тусгагдаагүй ч Засгийн газрын бондоор санхүүжих шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах гэх мэт асар том төсөл, хөрөнгө оруулалтууд нь баригдах явцдаа ч эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхийг үгүйсгэж болохгүй.
Гэлээ гэхдээ төсвийн татвар, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөлөл бол бодлогын суурь байдаг. Энэ суурь яаж төлөвлөгдөж вэ гэвэл татварын ачаалал нэмэгдсээр байгаа хэрнээ бааз суурь нь өргөжиж татвар төлдөг иргэн, аж ахуйн нэгжийнх нь тоо нэмэгдэхгүй байгааг юуны түрүүнд анхаармаар. Нийт татварын ачааллаараа Монгол улс Герман, Люксенбургтэй ижил түвшинд Франц, Норвегийн ардхан ирээд байгаа. Гэвч төрөөсөө авч буй үйлчилгээний чанар эдгээр улстай харьцуулахуйц билүү?
Тэр бүү хэл хувийн хэвшлийн бизнес рүү төр өөрөө хүч түрэн орох бололтой. Инфляцийг бууруулна гэх сайхан зорилготойгоор улс өөрөө үхрийн ферм байгуулж, үнээгээ сааж, махаа нядалж, зоорь, захаа хүртэл барих гэж байгаа нь ирэх оны төсвийн хэлэлцүүлгээр ил боллоо. Ийм менежментийн эдийн засгийн үр ашгийг нь мартаад бусад талаас нь бодсон ч зөвтгөх шалтгаан хомс. Тухайлбал, бизнест ингэж төрийн оролцоо нэмэгдээд байх юм бол өнөөх авилга, ашиг сонирхлын зөрчлийн асуудлууд хэзээ ч арилахгүй бизээ.
Энэ нийтлэлд төсөв гэж чухам юу болох тухай хөндлөө. Харин төсөв ямар байх ёстой, Монгол улсын төсөв ямар байгаа талаар дараагийн удаад саналаа сонилцохоор төлөвлөж байна. Мөн энэ талаар дэлгэрэнгүйг Нээлттэй Нийгэм Форумаас гаргасан “2013 оны Төсвийн төслийн Тойм судалгаа-Үнэлгээ”-нээс танилцана уу.
Судалгааг
www.forum.mn , хуудсаас, товч танилцуулгыг
http://www.slideshare.net/bbatka/budget-2013-outlook-and-assessment хаягаас үзэж болно.
Leave a Reply