Цуст алмазтай арслант уулсын цэнхэр дуулгатнууд

Монгол цэрэг үүрэг гүйцэтгэж буй Сиерра Леон улсад аялсан тэмдэглэл-2009 он

Аминаас үнэтэй алмаз

Леонардо Ди Каприогийн тоглосон “Цуст алмаз” гэдэг кино өнгөрсөн жил их алдаршиж байв даа. Ашигт малтмал тэр дундаа алмазаар баялаг африкийн нэгэн оронд энэ киноны үйл явдал өрнөнө. Ядуурал, авилгал, хууль үл дээдлэх байдал нь иргэний дайнд хүргэж улс орон нь хэд хэдэн бүлэгт хуваагдан нутаг нэгт ахан дүүс өөр хоорондоо байлдаж байдаг тийм нэг улсын тухай. Нэр нь Сиерра Леон.
Киноны гол баатрын тосгоныг зэвсэгт бүлгүүдийн нэг нь эзлэн авч эрчүүдээс бусдыг нь алж устган 7 наснаас дээш хөвгүүдийг автомат бариулан дайнд оруулж дайны ая даахааргүйг нь алмазны уурхайд боолчлон ажиллуулдаг. Эдгээр уурхайнууд нь харгис хэрцгий дайнаа санхүүжүүлэх төдийгүй асар их ашигтай бизнесийн эх үүсвэр болдог тул гадаадын зарим хүчнээс иргэний дайныг далдуур дэвэргэн дэмждэг. Уурхайгаас алмаз хулгайлах гэсэн эсвэл, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийн гар, хөл, уруул, чих зэргийг тасдаж бусдад нь анхааруулга болгоно. Өөрөөсөө том автомат барьсан жаалуудыг хар тамхиар мансууруулан тулаанд оруулна.

Энэ бүхэн бол 1991-2002 оныг хүртэлх үеийн Сиерра Леон улсын ямар ч хэтрүүлэггүй бодит дүр зураг. Тавин мянга гаруй хүн алуулж, төдий тооны хүн тахир дутуу, 1 сая илүү хүн орон гэргүй болсон энэ дайныг зогсоож 7 сая гаруй хүнд амгалан тайван амьдралыг өгөхийн тулд олон улсын зүгээс НҮБ-ын мандат дор цэргийн хүч оруулан нөхцөл байдлыг хяналтандаа авсан юм. Мөнөөх кинонд ч гол баатар, сэтгүүлч бүсгүй хоёр Ди Каприо болон цэнхэр дуулгат цэргүүдийн тусламжтайгаар Англи улсад ирж дэлхий нийтэд үнэн байдлыг дуулгаснаар асар олон хүний амь амьдралаар ашиг олдог “Цуст алмазны” бизнесийн эсрэг хөдөлгөөн өрнөдөг. Ийм бизнес өнөөдөр ч зарим газарт оршсоор байгаа гэнэлээ.

Харин Сиерра Леоны ард түмний хувьд тайван амгалан амьдрал баттай зүйл болж дайны гэмт хэрэгтнүүдийг шүүн яллаж байна. Одоо тэдэнд айх аюул байхгүй. Учир нь НҮБ-ын цэнхэр дуулгатай Монгол цэргүүд тэднийг хамгаалж байгаа юм. 2006 оны нэгдүгээр сараас хойш энхийг сахиулагч Монгол цэргийн 7 ээлжид давхардсан тоогоор 1800 шахам цэргийн албан хаагч Сиерра Леонд үүрэг гүйцэтгээд байгаа билээ. Саяхан ээлжээ хүлээн авсан 8-р ээлжийн багийнхантай хамт тус улсад очиж манай цэргүүд ямар нөхцөлд, ямар үүрэг гүйцэтгэж байгаа тухай үзэж харсанаа хуваалцаж байна.

“Өгсүүр” нислэг
Уул нь онгоцны зурагтаар тэндээс тийшээ, тэдэн км газар, тийм өндөрт явна гэх мэтээр мэдээлэл гардаг боловч биднийг хүргэж өгсөн Гүржийн агаарын тээврийн Боинг 737-д хөгжим, зурагт мэтийн “илүү дутуу” зүйл байгаагүй тул хэдэн км явсанаа хэлж мэдэхгүй байна.
Очсон газарт өглөө болж байхад Монголд орой болдог тул цаг нарны баримжаа ч байсангүй, осолдохгүй л 22 цагийн турш ниссэнээ мэдэж байлаа. Нарнаас зугатаад л нисээд байгаа болохоор өдөр, шөнө ээлжилдэгийг ч мартах шахав. Энэ хугацаанд Тбилист шатахуун цэнэглэх зуур онгоцноос бууж аэродром дээр 40 минут хэртэй болсныг эс тооцвол агаар, салхи ч үзсэнгүй. Казахстан, Гүрж, Лив, Гвиней Бисауд түлш нэмж явсаар Сиерра Леоны “Лүнги” нэртэй буудалд газарлаа. Гэвч тэнгэрт нисэх тавилан дуусаагүй байж, дахиад нисдэг тэргэнд суун “Фрийтаун” хотруу нисч ирдэг юм байна. Тэр зуур нутагруугаа буцах гээд хөөрч догдолсон 7-р ээлжийн багийн эхний хэсэгтэй 10 минут уулзалтын цаг өгсөн нь хонь хурга нийлэх шиг юм боллоо. Харин буцаж ирэх замдаа дэд хурандаа Амарсанаагийн хэлснээр өгсөж биш уруудаж явсан тул 2 цагаар бага ниссэн байж билээ.

Хархорин захыг өнгөрч Зайсан толгойг ороогоод…
“Урт бөгөөд өгсүүр” нислэг нэг юм дуусч Монголоос аваачсан Патрол жийп, Юүтонг автобус мэтийн машинуудад суун манай цэргүүдийн байрладаг “Нарлаг” баазруу цуваагаар хөдөлгөөн үйлдлээ. Том том ширэнгэн ойтой сүрлэг уулс Атлантын далайг дэрлэн оршдог, бүгчим халуун уур амьсгалтай газар нутагт ирсэнээ газар дээр бууж байж сая нэг мэдэж аваад байв. Анх энэ нутагт хөл тавьсан Португалийн далайчидтай их олон арслан таардаг байсан юм байлгүй “Арслант уулс” гэж уулга алдсанаас болж Сиерра Леон /португалиар Арслантай уул/ гэдэг нэртэй болсон гэдэг. Харин иргэний дайны үеэр хамаг амьтан нь дүрвэн дайжсан тул одоо арслан болоод бусад амьтдад идүүлчих зовлон алга болсон байна.

Энэ улсын нэрийг нь Португаличууд өгсөн боловч Англичууд 18-р зуунаас хойш колоничилсоор саяхныг хүргэжээ. Тухайн үедээ европ, америк аль алинтай нь ойр далайн замтай ашигтай байрлалд байсан тул африкийн баялгийг тэдгээрлүү зөөх маш чухал боомт хот байсан гэдэг. Африкийн баялаг гэдэгт ядуу хүн нь мөн багтах бөгөөд одоо ч байгаа Бүдүүн мод хэмээх газарт боолуудыг мал шиг наймаалцаж ачуулдаг байсан түүхтэй. Хүний эрхийн өмгөөллийн сонгодог түүх болсон алдарт “Аместад” хөлгийн хэрэг ч яг эндээс эхэлсэн байдаг.
Хүнээр нэрээ өгүүлж, хувь заяагаа мэдүүлж байсан боолууд харин нийслэл хотдоо өөрсдөө нэр өгсөн нь Чөлөөт хот буюу Фрийтаун. 1961 онд Англи колончлолоосоо сая нэг юм татгалзсанаар энэ хот жинхэнэ утгаараа чөлөөт болжээ. Одоо лавтайяа 2 сая гаруй хүнтэй /албан ёсны статистик хөгжөөгүй/ энэ бүүдгэр хот энх тайван байдал тогтсоноос хойш харин ч хурдтай хөгжиж байгаа гэж манай цэргийн багт хэд хэдэн удаа явсан “нутгийн индианууд” хэлж байлаа.

Толгой дээрээ 6-7 давхар өндөгнөөс эхлээд машины аккумлятор, хөргөгч хүртэл тавьсан том, бага, эр эм хүмүүс холхисон худалдааны газрууд “Нарлаг” бааз хүртэлх замд хэд хэд таарах боловч юм худалдаж авч байгаа хүн огт харагдахгүй зарах гээд сууж байгаа юмуу хажууд нь унтчихсан хүмүүс л үзэгдээд байх юм. Ийм захуудын нэгийг “Хархорин” гэдэг хэмээн цувааг ахалж явсан 7-р ээлжийн багийн захирагчийн орлогч, хошууч Ү.Амгаланбаатар танилцууллаа. Лавлаад асуутал манайхан ч Португалиудаас дутахгүй гэсэн байртай Фрийтаун хотын ихэнхи хэсгийг Улаанбаатартай харьцуулан нэрлэчихсэн байдаг байгаа. Баазаасаа гараад Хархорин зах, Аюулгүйн тойрог өнгөрч яваад Зайсан толгойг ороон өгсвөл Фрийтаун хотыг бүхлээр нь харах боломжтой өндөрлөгт гардаг гэсэн тул даруйхан очиж үзэх хүсэл төрж явсаар “Нарлаг” бааз дээр ирлээ.

Наргүй “Нарлаг” болон “Лангата”
Нарлаг нэртэй энэ бааз дээр намайг лав 10 хоноход нэг ч нар шараагүй юм даг. Энэ нь буруу нэрэлсэндээ ч биш борооны улиралтай холбоотой байх л даа. Жилийн талд нь экваторын хурц наранд шаруулаад талд нь бүгчим халуун агаартай ширүүн бороонд нүдүүлж өнгөрдөг хүндхэн цаг агаартай нутаг юм. Сүүдэр гаргах гэсэн юм шиг тойруулаад том том саглагар модоор хүрээлүүлсэн өндөр хэрмэн ханатай жижигхэн байшингууд бол манай цэргийн багийн үндсэн байрлал болох “Нарлаг” бааз. Энэ жижиг байшингууд дотор Удирдлагын төв, цэргийн байр, хоолны газар, агуулах, эмнэлэг, спорт танхим гээд бүх зүйл багтсан. Ер нь маш сайн зохион байгуулалттай болохоор дэл сул холхих хүн ч харагдахгүй, 125 хүн хаана нь байгаа юм бээ гэж бодмоор.
Нэг ээлжийн цэргийн баг 250 орчим хүнтэйгээс тал нь хамгаалалтын үндсэн обьект болох Тусгай шүүхэд ээлжээр очиж хамгаалалтад гараад бусад нь “Нарлаг” баазад байрладаг. Гэхдээ энд амардаг газар гэж ойлгож болохгүй. Яг зэрэгцээд байх манай цэргийн багийн зэвсэглэл, техник болон НҮБ-ын бусад хөтөлбөрийн машин техник, агуулах байдаг “Лангата” нэртэй баазыг хамгаалах ёстой. Дээр нь байнгын бэлтгэл сургуулалт жинхэнэ “шүүсийг нь шахна.” Армийг мянган өдөр тэжээж нэг өдөр ашигладаг гэдэг шиг байнгын бэлтгэл сургуулалтын үр дүн нэг л өдөр гарна.

Иргэний дайны дараа 2003 онд 70 мянга гаруй хүний зэвсгийг хурааж авсан боловч мөн тийм тооны зэвсэгт этгээд ард иргэдийн дунд орон тарж алга болсон гэдэг. Тэд нэг л өдөр нийлээд босчихыг үгүй гэх газаргүй тул бэлтгэл сургуулалт хэзээ ч илүүдэхгүй. Үгүй ядахнаа л өлсгөлөн африкчууд хүнсний цуваараа дайрдаг, хээрийн замд одоо ч гэсэн зэвсэгт дээрэмчид байгаа учир нэг хором ч сонор сэрэмж алдаж болохгүй нөхцөл байдалд манайхан үүргээ гүйцэтгэдэг.
Тусгай шүүхийн хорих байрны дарга Рэй Кардиналын хэлсэнээр монголчууд харах болгонд л бэлтгэл сургуулалт хийж байдаг учраас өмнө нь ирж байсан бусад улсын цэргүүдээс хамаагүй илүү эмх цэгцтэй, чадвартай байдаг гэнэ. Өмнө нь “Нарлаг” бааз дээр байрлаж байсан Нигерийн батальон бүхлээрээ барьцаалагдаад хоол хүнсээ алдаж байсан, манайхан ирээд тийм зүйл нэг ч гараагүй тул Нигерүүд зориуд ирж шалгаж байсан гэж 7-р ээлжийн багийн захирагч М.Мөнхбаяр ярив.

Бэлтгэл сургуулалт нь цувааны хамгаалалт, шүүх хурлын үеийн хамгаалалт, сэжигтнийг нүүлгэн шилжүүлэх, аврах буюу татан гаргах гэх мэт байнга гүйцэтгэдэг ажил үүрэгтэйгээ уялдсан байдаг. Иймэрхүү ажиллагаануудад хүн нэг бүрийн үйлдэл хөдөлгөөн нарийн тооцоологдсон байдаг тул маш нарийн зохион байгуулалт, ур чадвар шаардана. Ажиллагааны офицер хэмээх хүн энэ бүхнийг “найруулдаг”. Уран барилгаар бол архитектор нь гэсэн үг. 7-р ээлжийн багийн ажиллагааны офицер Олзбаяр 8-р ээлжийн офицер Буянтогтох, түүний туслах Энхцаг хоёрт ямар цагийн байдалд юу хийх ёстойг нэгд нэгэнгүй танилцуулж байлаа. Мөн тактикийн удирдлагын баг нь Либер дэхь НҮБ-ын цэргийн команд буюу UNMIL төсөл, мөн тэнд суудаг өөрийн холбогч офицерууд, Монгол дахь удирдлагатайгаа өдөр тутам мэдээлэл солилцох юм билээ. Яг ямар мэдээлэл солилцоод байгаа нь цэргийн нууц бололтой.

Чөлөөт хотын цэнхэр дээвэрнүүд
Нутгийнхны заасан ёсоор “Хархорин” зах, “Аюулгүйн тойрог”-ийг өнгөрч явсаар “Зайсан толгой”-г ороон өгсвөл үнэхээр “Фрийтаун” хот бүхэлдээ харагддаг юм байна. Гэвч их дээшээ гарвал битүү манан бүрхэн авах тул “Зайсан толгойн” оройд гаралгүй дунд хэрд нь зогслоо. Төрийн яамдын байр, Америкийн элчин, далайн эрэг дагасан ганц нэг зочид буудлыг эс тооцвол өндөр барилга гэх юмгүй тул багахан өгсөхөд л нүдний өмнө дэлгэгддэг хот юм байна. Хаа очиж хотын зам нь манай нийслэлийнхээс хамаагүй дээр бөгөөд бүтэн улирал бороо асгахад үер буух, зам дээр ус тогтох гэх мэт асуудал үүсдэггүй нь гайхалтай.
Нэгдсэн эрчим хүч, сантехникийн системгүй, томхонцорууд нь дор бүрнээ дизель станц, цэвэр усны танктай, дийлэнхи нь харанхуй энэ нэвсгэр хотын дунд цэнхэр дээвэртэй хэсэг байшин чимэг болон харагддаг нь Тусгай шүүх. Энэ байгууллага Сиерра-Леончуудын хувьд эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, амгалан амьдралын баталгаа болсон онцгой газар юм. Тус улсын Засгийн газар болон НҮБ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу 1991-2002 оныг хүртэл дайн өдөөн хүн төрөлхтөний эсрэг олон ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг чухам энд хорьж, шүүдэг. Энэ бүх ажиллагааны аюулгүй байдлыг Монголын цэргүүд хариуцдаг.

Дамбийжаагийн өргөө шиг давхар давхар бетонон хашаан дотор шүүх хуралдааны байр, захиргаа, хорих газар, цэргийн байрууд гэх мэт олон барилга бүхий бүхэл бүтэн бие даасан хотхон бий. Гол хэсгийг нь хянахын тулд 120 гаруй камер байрлуулсан байна билээ. Энэ том цогцолбор болон түүнд ажиллаж байгаа олон улсын 200, орон нутгийн 150 гаруй ажилтны аюулгүй байдал манай цэргүүдийн гарт бий. Мөн шүүх хуралдааны үеэр хурлыг хэвийн явуулах нөхцлийг ч хангана. Зарим шүүх хуралд яллагдагчдаар гэр бүлээ алуулж цусан өш зангидсан, эсвэл түүнийг шүтэн биширч аялдан дагалдаж байсан гээд 300-400 хүртэл гэрч, ажиглагчид оролцдог тул маш эрсдэлтэй. Шүүх процессийн давж заалдах хугацаа дууссан этгээдүүдийг олон улсын шоронруу бүх насаар нь хорих гэх мэтийн ялтайгаар явуулдаг тул одоо тэнд 8 хоригдол үлдээд байгаа юм.
Хүмүүсийг овог удмаар нь устгаж явсан тэдгээр толгойлогчдоос орон нутгийн ажилчид одоо ч айх бөгөөд шоронгийн харгалзагчид нь хоригдлынхоо гутлыг тослоод сууж байх энүүхэнд. Тиймээс л “өөр хэн ч биш Монголын цэргүүд биднийг хамгаалж байгаа үед л бид тайван унтаж чаддаг” гэж Тусгай шүүхийн Нарийн бичгийн дарга хатагтай Бинта Мансарай хэлсэн бизээ. Мань хүн гэр бүлээрээ олзлогдож татан гаргалтад орж байсан болохоор айдсыг бие сэтгэлээрээ мэдэрсэн хүн гэнэлээ.

Тусгай шүүхийн хоригдолуудаас хамгийн зартай нь Либерийн ерөнхилөгч асан Чарлез Тэйлор. Өөрийнхөө ард түмнийг дарангуйлж, үй олноор хөнөөгөөд зогсохгүй хөршдөө дайн дэгдээж далдуур дэмжиж байсан энэ нөхөр бол манай цаг үеийн Гитлер л гэсэн үг. Түүнийг Сиерра Леоны Тусгай шүүхээс Гааг дахь олон улсын шүүхрүү шилжүүлэн өгөх ажлыг манай цэргүүд хийсэн, одоо хашир тэндээ хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт яллагдаж байгаа. Иймэрхүү эрсдэл өндөртэй нүүлгэн шилжүүлэлтүүд цөөнгүй болдог болохоор аюул зөвхөн шүүхийн хашаанд ч биш хаа сайгүй байдаг гэсэн үг.
Ядаж байхад гадуур явахдаа буу зэвсэгээ нууж хааж явахгүй бол ил бариад явахаар хүмүүс нь айж сандраад бөөн юм болдог гэж байгаа.

Дарагддаггүй дайсан
Малярия гэж халуун оронд голдуу дэгддэг халдварт өвчнөөр жил бүр 2-3 сая хүн нүд анидагийн 90 гаруй хувь нь Африкт ноогддог юм байна. Сиерра Леон бол энэ өвчний байнгын голомт. Хамгийн аймшигтай нь энэ өвчин шумуулаар дамжин халдварладаг. Товчхондоо бол байлдаад устгачихаж болдоггүй, нүдэнд ч үзэгдэхгүй бяцхан шумуулнууд маш том дайсан болдог. Дарагдаж өгдөггүй энэ дайснаас болоод +40-с дээш хэмийн бүгчим халуунд түрийтэй гутал, урт ханцуйтай зузаан кителиэ тайлах хориотой. Дээр нь манаанд гарах үеэр өмсдөг хамгаалалтын хантааз, дуулга, орой толгойдоо угладаг шумуулын тор, буу зэвсэг нэмэгдэхээр 17 кг орчим ачаа болно. Ийм байдалтайгаар амьсгалахад ч хэцүү бүгчим халуунд үүрэг гүйцэтгэхэд жинхэнэ Монгол хүний тэсвэр хатуужил харагдана даа.

Монгол хүн гэснээс ийм цаг агаартай газарт их мах идэээд байж болдоггүй тул хоолонд орох үер хариад идэх чанасан махны тухай яриа аль нэг ширээн дээр бараг өдөр болгон гарна. Бүх хоол хүнсийг НҮБ-аас нэг хүнд ноогдох калориор нь тааруулаад явуулдаг тул илүү дутуу иднэ гэсэн ойлголт байхгүй. Гал тогоог ажиллуулдаг гүйцэтгэгч компанийн захирал Амина “Нарлаг” бааз дээр олон жил ажиллаж байгаа бөгөөд Энэтхэг, Пакистан, Нигер, Канадуудтай хүртэл ажиллаж байснаас хоолон дээр элдэвийн юм яриад байдаггүй хамгийн сайн хүмүүс бол Монголчууд гэж магтав. Тэрээр мөн Монголд тэднийх шиг нохой сүүлтэй жижигхэн хонинууд биш том том сүүлтэй тарган хонь, арслан шиг аварга үхэр байдаг, махыг нь бүхлээр нь чанаж иддэг гэж сонссон тул монголоос бух, хуц авчрах чин хүсэлтэй гэнэлээ.

Хаяахан олдох чөлөөт цагаараа манайхан бараг бүгдээрээ сийлбэрчин болдог юм билээ. Африкийн хулс, эбүн хэмээх хатуу хар моднуудаар сийлбэрлээгүй юм алга. Алдарын танхим, бялдаржуулах танхим гээд хаа сайгүй модон сийлбэр өрөөстэй. Мөн яст мэлхийний хуяг, шүр сувд, будаагаар элдэв төрлийн гоёл чимэглэл, ангиудынхаа эмбелемийг хийсэн нь жинхэнэ ориг. Иймэрхүү авъяастангууд эхэндээ нуугдмал байдаг тул монголруу ярих утасны карт мэтийн шагналтай уралдаан зарлаж байж олж авдаг гэсэн.

Mongolians are very good!
ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газар, Санхүүгийн хэлтэс, Техникийн хэлтэсүүдээс дэд хурандаа З.Баярмагнай, Д.Энхтөр, А.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сиерра Леонд очиж ажилласан юм. Тэд хяналт шалгалт явуулж нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцахаас гадна шинэ, хуучин багийн захирагчид болох дэд хурандаа А.Балжинням, М.Мөнхбаяр нартай хамт тус улсын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагуудтай уулзсан. Уулзсан хүн бүрийн амнаас чин сэтгэлээсээ гардаг үг бол: Mongolians are very good! Ийм үгийг гудамжинд таарсан жирийн хүмүүс ч хэлж хуруугаа гозойлгож байх юм билээ.

Тэдний Батлан хамгаалахын сайдтай нь уулзаж байтал Жанжин штабын дарга нь өөрөө шуугиж орж ирээд “Дэлхийн хамгийн шилдэг мэргэжлийн армиудын нэг нь Монголынх. Магадгүй та нар Чингис хааны удам болохоор ийм сайн байхаа…” гэх мэтээр магтаалын үг харамгүй урсгав. Харин сайд өөрийнхөндөө манайхнаар юм заалгах санаатай байна гэлээ. Энэ улсад хүн амынх нь дундаж наслалт дөнгөж 40 байдаг болохоор мань эрийг анхандаа 30 хэдтэй залуу л байх гэж бодож байлаа. Гэтэл 57 настай гэдэг байгаа. Их залуухан харагддагийн нууц нь спорт бөгөөд ойрын зайн гүйлтээр бол цэргүүдээ ч дагуулдаггүй гэж сүүлд сонсов.

Сиерра Леоны 5-р арми хэмээх анги манай цэргийн багтай их ойр харилцаатай бөгөөд хамтарсан тэмцээн, уралдаан цөөнгүй зохиодог. Тэрбүү хэл тэдний шейф бага сургууль дээр манайхан очиж тусламж, хүмүүнлэгийн ажил зохиодог уламжлал тогтсон байна. Манай сумдын сургууль дэргэд нь их сургууль шиг том, хааны ордон шиг тохилог навсайсан байшингуудад тэдний сургуулиуд хичээллэмэр аяддаг. Цэргийн багийн ээлж бүр нэг ангийг нь тохижуулж засаж өгсөөр байгаад ”бусдаасаа тасарчихсан“ нэг сургууль дээр очиход ханын самбарнууд дээр нь хаа холын “Монгол” хэмээх хүчирхэг, хөгжингүй орны тухай танин мэдэхүйн мэдээлэл дүүрэн байлаа.

Зөвхөн эдгээр цэргүүд л үүнийг чаддаг
“Энхийг сахиулах нь цэргийн ажиллагаа биш. Гэвч зөвхөн эдгээр цэргүүд л үүнийг чаддаг” энэ бол цэнхэр дуулгатнуудын уриа. Энэ уриаг Монгол цэргүүд өглөө, орой болгон төрийн далбаагаа мандуулах, авах бүртээ англиар давтан хэлдэг юм билээ.Сиерра Леоны тэнгэр доор Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын цэнхэр тугтай зэрэгцэн мандана гэдэг бол энэ улсад дахиад нэг амгалан тайван өдөр ирж байгаагийн баталгаа.

Ингэж дэлхийн хүмүүсийн сайн сайханы төлөө үүрэг гүйцэтгэх замаар Монголын цэргүүд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын төлөө амь бие үл хайрлан хүчин зүтгэдэг. Сиерра Леонд үүрэг гүйцэтгэж байх үедээ амь эрсэдсэн хоёр дайчин нөхрийнхөө дурсгалын ханан дээр бичсэнчлэн тэд хэзээ л үл мартагдана. Үл мартагдахын учир нь үүрд дуурсагдах үйлийг бүтээн өвөг дээдсийнхээ дайчин түүхийг өнөө цагт шинээр бичиж байгаагынх. Тэднийг тодорхойлох ийм нэгэн 4 мөртийг өөрсөдөө бичиж “Нарлаг” баазын хананд мөнхөлжээ.

Хөх монголын удам
Хүчирхэг Чингисийн үрс
Хөх дуулгатай цэргүүд бид
Хүнлэг энэрэнгүй эрс

А.БАТПҮРЭВ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Website Powered by WordPress.com.