Ардчилсан Нам яг юуг шинэчлэх ёстой вэ?

Ардчилсан Нам шинэчлэгдэх хэрэгцээ, шаардлагын тухай тус намын гишүүдээр хязгаарлагдахгүй нийгмийн өргөн хүрээнд яригдаж байна. Үнэндээ энэ яриа шинэ юм биш бөгөөд ялагдсан сонгууль бүрийн дараа сэдэв болж гарч ирдэг ч нэг даргыг нөгөөгөөр эсвэл нэг фракцийг өөрөөр сольсноор дараагийн ялагдал хүртэл мартагддаг жишиг тогтсон. Үнэхээр тухай бүрт тодорхой хэмжээний шинэчлэл өөрчлөлт хийгдэж ирсэн бол өнөөдөр асуудал ийм их ужгирч АН ингэтлээ шалдаа буугаагүй байх байлаа. nnӨнөөдөр ч гэсэн шинэчлэл гэдгээ ахмад настай удирдлагуудаа тэтгэвэрт нь гаргаад залуу хүмүүс оронд гарч ирэх төдийгөөр харвал үнэндээ чанарын өөрчлөлт гарахгүй. Тиймээс юуг, яаж шинэчлэх ёстой вэ гэдэг дээрээ нас, хүйс, алба тушаал харгалзахгүй эрх тэгш хэлэлцэн ойлголцож цааш урагшлах нь чухал. Энэ хэлэлцүүлэгт нэмэр болгож өөрийн санааг буулгалаа. Намын шинэчлэлийн хамрах хүрээг 4С буюу Систем, Санаа, Санхүү, Сурталчилгаа гэсэн дөрвөн хэсэгт тоймлов. nn1. Систем nАрдчилсан нийгэм дэх улс төрийн нам нь юуны өмнө нээлттэй, амьд систем байх ёстой. Менежментийн онолын үүднээс тайлбарлавал нам нь харилцан хамааралтай бүх дотоод, гадаад оролцогч талууд (stakeholders)-тайгаа уялдаатай байж, тэдгээрийн өөрчлөлтөд дасан зохицох буюу хариу үйлдэл үзүүлж бас нөлөөлж чаддаг байж гэмээн амжилттай оршин тогтноно.nӨнөөгийн АН гадаад орчин буюу нийгмийнхээ өөрчлөлтийг чиглүүлэх бүү хэл дасан зохицож чадахгүй байгаа нь удаа дараагийн сонгуулийн үр дүнгээр харагдсан бол дотоод бүрэлдэхүүн хэсгүүдийнхээ хэрэгцээ, ашиг сонирхлыг хангаж чадаагүйгээс байгууллагынхаа хувьд бэхжиж өрсөлдөх чадвартай болж чадахгүй байна. nnЭнэ байдлыг яаж засах вэ? “Аливаа байгууллагын үйл ажиллагаанд алдаа дутагдал байгаа бол түүний 98% нь тухайн системийн алдаа бөгөөд 2% нь л тэнд ажиллаж байгаа хүмүүст ноогддог” гэдэг . Өөрөөр хэлбэл АН-ын алдааны дөнгөж 2% нь л дарга нарын алдаа бол үлдэх 98% нь тус нам системийн хувьд төлөвшөөгүйтэй холбоотой. nИймд зорилгоо хэрэгжүүлэх чадвартай, гадаад дотоод орчинтойгоо нягт уялдсан системийг бий болгох нь АН-ын шинэчлэлийн хамгийн эхний даалгавар байх учиртай. nТус нам институцийн хувьд төлөвшөөгүй, илүү сайн дүрэм журам, зохион байгуулалтын бүтэц хэрэгтэй байна гэх зэрэг санал дүгнэлтүүд нь агуулгын хувьд төстэй боловч системийн шинэчлэлийг бүрэн илэрхийлж чадахгүй юм. nnХэвийн ажиллаж буй систем нь “оролцогч талууддаа ойлгомжтой тэдэнд хөтөч болохуй нэгдмэл зорилготой, үйл ажиллагаа нь зорилготойгоо болон өөр хоорондоо уялдсан бүтэцтэй, шуурхай, ил тод эргэх холбоотой…” гэх мэт шинжүүдийг агуулдаг . nАН-ын зорилго яг юу вэ? Түүний үйл ажиллагаанаас хэнд ямар үнэ цэн бий болох вэ? гэх мэт асуултыг тус намын гишүүдээс асуугаад үзвэл дээр дурдсан хэв шинжүүд бүрдээгүй болох нь хялбархан ойлгогдоно. Харин дүрэм журам бол эдгээр шинжүүдийг хэлбэржүүлдэг баримт болохоос бус системтэй хандлагагүйгээр үг үсэг, квот өөрчилсөн дүрэм байгууллагыг бэхжүүлэхгүй. nnНээлттэй систем болохын хувьд нам нь гишүүдийнхээ улс төрийн үйл ажиллагааны бүтэц төдий бус олон түмний нийгмийн оролцоог хангадаг платформ байх ёстой. “Иргэд идэвхигүй байна, 90-ээд оны бидэн шиг жагсахгүй байна” гэх маягийн гомдол манай АН-ын удирдлагуудаас цөөнгүй сонсогддог нь инээдтэй. Үүний оронд хот, дүүргийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, санал бодлоо илэрхийлэхийг хүссэн жирийн иргэний саналыг бид яаж сонсдог, яаж зохион байгуулдаг билээ, бид ер нь хэр нээлттэй, хүртээмжтэй билээ гэдгээ эхэлж бодохоос нээлттэй систем эхэлнэ.nn2. Санаа nАрдчилсан намд өнөөдөр үзэл санаа (ideology) гэхээсээ илүүтэй нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх санаа, шийдэл (idea, solution) нэн хэрэгтэй байна. nАрдчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийн төлөө гэх мэт үзэл баримтлалаа тунхаглах нь зүйн хэрэг боловч энэ талаар Монголын бусад бүх нам ялгарахгүй. “Бид Монголд ардчиллыг авчирсан, гадаад пасспорт өгсөн, коммунистууд, хэлмэгдүүлэлт…“ гэх мэтийн мессеж ч үнэндээ явахгүй болсныг одоо ойлгох цаг болжээ. nnНөгөөтэйгүүр дэлхий даяар улс төрийн намууд баруун, зүүний гэх мэт ялгаагүй болж “идеологи үхсэн ” эрин үед хоосон амлалтаар зэвсэглэсэн популистуудын бүлэглэл болчихгүйн тулд эрэл хайгуул хийж байна. Тэдэнд идеологи гэдэгтээ бүтээлчээр хандахыг судлаачид зөвлөж буй. nЭнэ нь намынхаа үзэл санааг бодлогын тов тодорхой хувилбаруудад хөрвүүлж сонгогчдод шинэ санаа буюу шийдэл санал болго гэсэн үг юм. АН-д ийм туршлага бий. Малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь, байгалийн баялгийг ард түмэнд гэх мэттэй адил өнөөдрийн асуудлуудыг шийдэх шинэ санааг сонгогчид хүлээж байна. nСанхүүгийн салбарын шинэчлэл, эрүүл мэнд-нийгмийн даатгалын тогтолцоо, боловсролын реформ гэх мэт суурь асуудлуудаар АН эрх баригч намаас илүүг санал болгож бодитой тооцоо судалгаа ярьдаг болмоор байна. nИнгэхийн тулд нөгөө л хаалттай хэдэн хүний хүрээнд ажилладаг биш нээлттэй, шинэ санаа хэлэлцүүлэг байнга өрнөж байдаг амьд систем болох нь чухал. nn3. Санхүү n“Улс төр, мөнгө хоёр нэг зоосны хоёр тал” гэж ярьдагаас үзвэл мөнгөний нөлөөнөөс ангид улс төрийн үйл ажиллагаа гэдэг магадгүй хаана ч байдаггүй бололтой. Гэлээ гэхдээ өнөөгийн АН шиг (МАН ч ялгаагүй) намын бүтцэд орох, карьер өгсөх цорын ганц шалгуур нь мөнгө болчихсон газар байдаггүй байх. nӨнөөдөр АН-д нэгдэж дуу хоолойгоо сонсгоё, үзэл бодлоо уралдуулъя гэсэн амбицтай, боловсролтой залуучуудын өмнө Amway-ийн сүлжээ шиг шат шатандаа ханштай, тодорхой эзэнтэй карьерын зам л байдаг нь нууц биш. nnУгтаа бол сонгогчдод үнэлэгдэх, өөрийнх нь бодлогыг таниулж хэрэгжүүлж чадах нэр дэвшигчийг олж дэвшүүлэх нь улс төрийн намын үндсэн функциудын нэг юм билээ. nТиймээс намын бүх шатанд үйл ажиллагаа явуулах санхүүжилтээ нутаг нутгийн феодалуудаас хамаарал багатайгаар бүрдүүлдэг тогтолцоог бий болгож чадахгүй бол ямар ч шинэчлэл хэрэгжихгүй. nn4. Сурталчилгаа nАН гэдэг нэр өнөөдөр Nokia брэндтэй тун төстэй нөхцөл байдалд байна. Бахархам сайхан түүхтэй, бүхний танил боловч зах зээлд зарагдахаа больсон… Nokia биш Apple болохын тулд “бүтээгдэхүүний чанарын” өөрчлөлт гарцаагүй боловч дутахгүй чухал өөр нэг зүйл бол маркетинг. nНамууд үзэл санааны эрс тэс ялгаагүй болсон орчин үед ялангуяа залуу сонгогчид нам, түүний лидерүүдийн имижэд татагдаж саналаа өгөх хандлагатай болсон. Тийм ч учраас АН-ын имижийг эрс өөрчлөх ребрэндингийн хөтөлбөрийг оновчтой төлөвлөж хийх нь чухал. Энэхүү ребрэндинг лого, магадгүй нэр, онлайн презенс, байр сав, төлөөлж буй хүмүүсийн үзэмж гэх мэт гадаад имижээс гадна хөндөж төвлөрөх гол сэдвүүд, үйл ажиллагаа гэх мэт өргөн агуулгыг багтаах шаардлагатай.

Website Powered by WordPress.com.