Монголд судалгааны мэргэжилтнүүд байдаг

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн МАН-ынхан өөрсдөө хүртэл гайхахуйц сюрприз байв. УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН дангаараа авч бор халзан хоньд нь хүртэл сонгогдоно гэдгийг урьдчилан хэлсэн судалгааны байгууллага байгаагүй нь үнэн ч Монголын судалгааны байгууллагууд бүгд мэргэжлийн биш, захиалагчдаа таалагдсан тоо л гаргаж өгдөг гэж шүүмжлэх нь өрөөсгөл юм.

Газар хөдлөлт хэзээ, хаана, хэдэн баллаар болохыг урьдчилан мэдэж анхааруулж чаддаггүйн төлөө сейсмологи болон бусад шинжлэх ухааныг үгүйсгэдэггүй. Үүнтэй адил “салхи эргэнэ” гэж яригддаг олон нийтийн шийдвэрт сүүлийн өдөрт гарсан давалгаалсан өөрчлөлт, жижиг мажоритари системийн сул тал зэргээс үүдэлтэй гэнэтийн үр дүнгийн төлөө судлаачдыг буруутгах үндэсгүй. Ухаалаг улс төрч, сэтгүүлчид бол ийм үед улам ихээр судлаачдыг сонсч анализ, дүгнэлт хийдэг. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулиар санал хураалт болох өдрөөс 7 хоногийн өмнөөс судалгаа явуулах, нийтэд зарлахыг хориглосон нь явдал нь нийтээрээ нүд боолттой сонгуульд орох нэг шалтгаан болсныг дурьдах нь зүйтэй.

Үүнийг бичигч бээр аль нэг судалгааны байгууллагад ажилладаггүй, харин ажлын шаардлагын дагуу хэд хэдэн судалгааны байгууллагатай хамтран ажиллаж ажлын үр дүнг нь авч ашигладаг тул энэ сэдвээр зарим тайлбарыг гаргавал сонирхууштай болов уу гэж үзэв. Нөгөөтэйгүүр харилцан нууцлалын гэрээтэй хийгдсэн судалгаануудын зарим үр дүнгээс энд товч дурьдаж буй явдалдаа хүлцэл өчиж энэ нь сонгуулийн дараа ашгийн бус зорилгоор гаргаж тавьж буй бүрэн бус мэдээлэл гэдгийг ойлгох болов уу хэмээн найдаж байна. Харин мэргэжлийн судлаачдын хувь хийсэн ажил нь нэгэнт захиалагчийн өмч болсон тул би ингэж хийсэн, тэгж гарч байсан хэмээн ярих боломжгүй юм.

Судалгаагаар тодорхой байсан дуулиантай тойргууд

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн суурь рейтинг 52-р тойрогт 15 хувь буюу  өрсөлдөгч Б.Батзоригоос 5 орчим хувиар доогуур байгааг Инфорум төв 6-р сарын 10-ны тайланд дурьдсан байсан. Үүнээс 10 хоногийн дараа хийсэн блиц судалгаагаар Ч.Сайханбилэгийн рейтинг өссөн байсан ч шийдвэр гаргаагүй хэсэг их хэвээр байсан бөгөөд санал хураалтын өмнөх өдөр болсон Эрдэнэт үйлвэртэй холбоотой мэдэгдэл нь нэмэх биш хасах нөлөө үзүүлсэн гэж үзвэл Ерөнхий сайд нь нохойны хөшөөчинд ялагдлаа гэдэг гэнэтийн шок байгаагүй.

Инфорум төвийн 6-р сарын 25-ны блиц судалгаа болон MMCG компанийн 6-р сарын 19-ны томоохон судалгаагаар АН-ын дарга З.Энхболдын рейтинг 22 орчим хувь буюу намынхаа рейтингээс доогуур харин өрсөлдөгч Д.Лүндээжанцан 28-29 хувь буюу намынхаа суурь рейтингээс ч өндөр байгааг харуулж байв. Тэрбүү хэл MMCG-ийн судалгаагаар бие даан нэр дэвшигч Х.Ганхуяг 25 орчим хувийн рейтингтэй хоёрдугаар байрт байснаас үзэхэд З.Энхболд унана гэдэг нь мэргэжлийн хүрээнд шинэ мэдээ байгаагүй юм.

Чингэлтэй дүүргийн 66-р тойрогт Market Eye компанийн явуулсан судалгаагаар ТТЭН-ын дарга Г.Уянга 29 хувийн рейтингтэй харин  МАН-ын нэр дэвшигч Д.Ганболд 38 хувийн рейтингтэй тасархай тэргүүлж байсан бөгөөд гүйцэх найдвар байгаагүйг Г.Уянга өөрөө ч мэдэж байсан гэж үзэх үндэстэй. Учир нь түүний сүүлийн шатны мэдээлэл, сурталчилгаа “сонгууль шударга бус болох гээд байна, хар машин но-той” гэдэг мессежед чиглэж байв. Мөн дүүргийн 63-р тойрогт Т.Аюурсайхан тасархай илүү /43/ рейтинтэй бөгөөд АН-ын С.Дэмбэрэлд найдвар харагдахгүй байгааг Инфорум анхааруулж байв.

Сүхбаатар дүүрэгт хоёр том намаас хүчтэй өрсөлдөөн үзүүлэх нэр дэвшигчид тулсан тул намын өнгийг харуулах дүүрэг болох нь хэмээн таамаглаж байсан бөгөөд тэр ч ёсоор боллоо. Тухайлбал Инфорум төвийн судалгаагаар 59-р тойрогт МАН-ын Д.Цогтбаатар өрсөлдөгч АН-ын Б.Мэдрээгээс 8 хувиар илүү, 60-р тойрогт МАН-ын Ц.Мөнх-Оргил өрсөлдөгч Х.Тэмүүжингээс 3 хувиар илүү мөн БЗД-ын 50-р тойрогт Ж.Энхбаяр Б.Болороос 2 орчим хувийн л илүү рейтингтэй байсан нь улам гүнзгийрч сонгуулийн дүн гарчээ.

Харин ”босоо” С.Ганбаатарын хувьд орон даяар топ улс төрчдийг тэргүүлсээр байсан ч хувь процент нь сүүлийн 1 жилд ихээхэн буурсан, өмнө нь сонгогдсон Дархандаа бодитой ажил хийлгүй ХҮН намын жагсаалтад санаархаж явсан ч сүүлийн мөчид Дархандаа буцаж очсон тул жижиг мажоритар системээр дахин сонгогдох нь эргэлзэтэй гэдгийг ихэнхи судлаач хэлж байсан. Тодорхой тоо баримттай судалгаа Дарханд өрсөлдөгчид дээр нь ажилласан судлаачдад байгаа гэдэгт итгэлтэй байна.

Судалгаанаас илт зөрсөн тойргууд

Мэдээж хэрэг зарим тойрогт судалгаанд суурилсан хүлээлтээс эрс өөр шийдвэрүүд гарсан нь ч үнэн. Тухайлбал бүх судалгааны байгууллага СБД-ын 62-р тойрогт Лу.Гантөмөр маш өндөр рейтингтэй байгаа тул чигээрээ, 72-р тойрогт Л.Эрдэнэчимэг, 76-р тойрогт О.Магнай нарыг гарна хэмээн тооцоолж байсан ч эсрэгээрээ болов.

ХУД-ын 57-р тойрогт санал хураалтаас 7 хоногийн өмнө Инфорумын явуулсан судалгаагаар АН-ын нэр дэвшигч Л.Болд илт давуу буюу 42 хувийн рейтингтэй, өрсөлдөгчид нь 12 хувиас ихгүй байв. Гэтэл эцсийн дүнд Л.Болд ердөө 30 орчим хувиар ялалт байгуулан өрсөлдөгч МАН-ын С.Оюунбилэг, бие даагч Т.Доржханд нарын рейтинг тус 13-15 хувиар нэмэгдсэн нь зөвхөн ард түмний санаа бодол эргэсэн гэдгээр тайлбарлахад учир дутагдалтай дэндүү том өөрчлөлт болж байна.

Эдгээр томоохон савалгаанууд юунаас болж бий болсныг судлах нь эргээд л социлогийн судлаачид, пиарчидын ажил болохоос ялагдсан нам, нэр дэвшигчид байдаг хорслоор мэргэжилтнүүдээ үгүйсгэх нь буруу юм.

А.Батпүрэв 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Website Powered by WordPress.com.