ОЛБОРЛОХ САЛБАРЫН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ, ҮР АШИГ, АРГА ЗАМ

Нээлттэй Нийгэм Форумын “Бодлогын асуудал” цувралын 10 дугаарт хэвлэгдсэн.  Хэвлэгдсэн байдлаар татаж авах: Policy Brief #10

Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний талаарх УИХ-ын гишүүдийн мэтгэлцээнийг Монголчууд нийтээрээ хэрхэн хүлээж анхаарал хандуулж байсан байдал нь олборлох салбар дахь гэрээ хэлцлүүдийн ил тод байдал ямар чухал асуудал болохыг илтгэсэн нэг үйл явдал юм.

Гэтэл манай уул уурхайн салбарт Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувьцаа эзэмшлийн гэрээнээс гадна тогтвортой байдлын 5 гэрээ, газрын тос, метан хийн салбарт бүтээгдэхүүн хуваах 20 гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэдгээрт ямар асуудлуудыг ямар нөхцлөөр тохиролцсон, энэ нь Монгол улсын эрх ашигт хэр зэрэг нийцэж буй талаар нийгэм бүхэлдээ тодорхой ойлголтгүй байдаг.
Энэ бүх гэрээнүүдийг ил тод болгох нь олон талын ач холбогдолтой төдийгүй зайлшгүй шаардлагатай бодлогын шийдэл бөгөөд уг бодлогыг хэрхэн хэрэгжүүлж болох тухай танилцуулгыг толилуулж байна.

 

policy brief

ЮУГ? | Ил болгох шаардлагатай гэрээний агуулга

Байгалийн баялгийг эргэлтэнд оруулахтай холбоотой аливаа улсын төр засаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн харилцаа нь тухайн төслийн хэмжээ далайц, стратегийн нөөц эсэх, Засгийн газрын хувь оролцоо, санхүүжилтийн арга хэрэгсэл зэргээс шалтгаалан нэг эсвэл хэд хэдэн гэрээгээр зохицуулагдаж болдог. Шинжээчдийн тооцоолсноор олон улсын хэмжээний том төслийн гэрээний орчин 15 хүртэл оролцогч талыг хамарсан 40 гаруй гэрээнээс бүрддэг байна . Тэдгээрийг агуулгаар нь үндсэн болон дагалдах гэрээ гэж ангилж болно. Олон улсын практикт гэрээний ил тод байдлыг хангана гэдэг нь үндсэн гэрээг бүхэлд нь, дагалдах гэрээнүүдийн тодорхой агуулгыг ил болгох явдлыг ойлгож байна.

Улс болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийн хооронд байгуулагддаг эдгээр гэрээнээс гадна олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудын бизнесийн бусад гэрээ хэлцлүүдийг ил тод байлгах явдал өнөөдөр маш чухал болж байна. Тухайлбал “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн БНХАУ-ын “Чалко” компанид нүүрс нийлүүлэх борлуулалтын гэрээ, гэрээний дагуу хүлээн авсан урьдчилгаа төлбөр болон зээлийн зарцуулалт, тус компанид 7 тэрбум гаруй төгрөгөөр хэрэгцээгүй бараа материал худалдан авсан зэрэг олны анхаарлыг татаж буй асуудлууд нь ил тод байдал хэр чухал болохыг нотлон харуулж байгаа юм. Тиймээс “Эрдэнэт”, “Монросцветмет”, “Багануур” зэрэг төрийн өмчит бусад уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд ч хөндлөнгийн хяналт тавих, үүний тулд хийгдэж буй гэрээ хэлцлүүдтэй нь танилцах эрх бүх Монгол хүнд нээлттэй байх ёстой. Учир нь төр засгийн бүхий л үйл ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн үйл ажиллагаа нь сонгогч олон түмэнд нээлттэй байх нь ардчилсан засаглалын гол зарчмуудын нэг билээ.

Энэ үүднээс төрийн өмчит олборлох компаниудын орд газар ашиглахтай холбоотой үндсэн гэрээнээс гадна бусад бүхий л гэрээг ил болгох нь зайлшгүй бөгөөд хэрэгжүүлэх арга зам, зохицуулалт нь хувийн хэвшлийн компаниудаас өөр байхаар байна. Харин энэхүү танилцуулгад зөвхөн Засгийн газар болон хөрөнгө оруулагч компани хоорондын гэрээнүүдийн талаар голлон авч үзэв .

1. Үндсэн гэрээ
Улс болон хөрөнгө оруулагч компанийн хамтын ажиллагааны эдийн засгийн зарчмууд, талуудын эрх үүргийг тогтоож өгдөг гол гэрээг Үндсэн гэрээ гэнэ. Тиймээс ч юуны өмнө энэ төрлийн гэрээ бүхэлдээ нээлттэй байх нь чухал гэж гэрээний ил тод байдлыг шаардагч талууд үздэг. Үндсэн гэрээ нь концессийн буюу эрх олгох гэрээ, лицензийн гэрээ, бүтээгдэхүүн хуваах, үйлчилгээ үзүүлэх гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ (хэрэв ЗГ хувь эзэмшвэл) гэсэн хувилбаруудын аль нэг эсвэл хослол хэлбэртэй байж болно.

Манай улсын одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай(2006) болон Газрын тосны тухай(1991) хуулиудын дагуу уул уурхайн салбарт эхний таван жилдээ 50 сая ам.доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулж буй компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ, газрын тосны салбарт байгуулдаг Газрын тосны тухай (бүтээгдэхүүн хуваах) гэрээ нь Үндсэн гэрээ болох юм. Мөн стратегийн ордууд дээр үйл ажиллагаа явуулах төрийн оролцоо бүхий хамтрасан компаниудын Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь үндсэн гэрээнд орно.

Харин Газрын тосны тухай хуульд гэрээлэгчтэй (тусгай зөвшөөрөл эзэмшигч) газрын тосны тухай гэрээ байгуулна гэж заасан хэдий ч уг гэрээний агуулга, процедур ямар байхыг тодорхой заагаагүй. Зөвхөн гэрээнд тавих үндсэн шаардлага гэсэн 6 дугаар зүйлд зарим зарчмыг тодорхойлжээ.
Мөн 10 дугаар зүйлд “Бүтээгдэхүүн хуваах хувь хэмжээг хоногт гаргаж байгаа газрын тосны хэмжээтэй уялдуулан тохиролцож газрын тосны тухай гэрээнд тодорхойлон заана” гэсэн байдаг.

Дээрх заалтуудаас үзэхэд үндсэн гэрээний талаарх Монгол улсын хуулийн зохицуулалт маш ерөнхий, агуулгын хувьд учир дутагдалтай нь харагдаж байна. Нэн ялангуяа гэрээлэгч талын эрх, үүрэг, хүлээх харицлагыг илүү тодорхой болгох нь чухал бөгөөд үүнд дараах гурван багц асуудлыг багтаах шаардлагатай:

Үүрэг хариуцлага: үйл ажиллагааны болон зардлын шаардлага, хариуцлага, дэд бүтцийг хөгжүүлэх үүрэг, дотоод, гадаадын иргэдийн ажил эрхлэлтийн нөхцөл, шаардлага, сургалт, эрүүл мэнд, аюулгүй байдал, тайлан мэдээлэл гаргах, газрын харилцаа, нутгийн иргэдийн нөхөн төлбөр г.м

Санхүүгийн үүрэг: татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, давуу эрх олголт, бонус болон урьдчилгаа төлбөр, татвар, төлбөрийг тооцох аргачлал, хугацаа, дотоод худалдан авалт г.м (бусад татвар, төлбөрийн асуудал нь холбогдох хуулиудаар зохицуулагддаг)

Санхүүгийн орчин: гадаад валютын зохицуулалт, ногдол ашиг, орлого хуваарилалт, зээлжилт, зээл-хувьцааны харьцаа буюу капиталын бүтэц, хамааралтай этгээд болон бусад компанийн хоорондын төлбөрийн зохицуулалт гэх мэт.

Төрийн оролцоотой төслүүдийн хувьд санхүүгийн орчныг тодорхойлдог үндсэн гэрээ нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ бөгөөд уг гэрээнд дээр дурьдсан асуудлуудаас гадна талуудын санхүүгийн үүрэг хариуцлага, давуу эрхийн асуудал, анхдагч ба нэмэлт хувьцаа гаргах, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад оролцох оролцоо гэх мэт зүйлүүд багтдаг. Монгол улс “Эрдэнэт”, “Монголросцветмет” зэрэг хамтарсан үйлдвэр дээр ОХУ-тай хамтран ажиллах гэрээг эс тооцвол цэвэр орчин цагийн зах зээлийн утгаар цорын ганц хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулаад байгаа нь Оюутолгойн орд дээрх “Рио Тинто”, “Айвенхоу майнз(Туркоуз хилл)” компаниутай хийсэн гэрээ юм.
2. Дагалдах гэрээ
Үндсэн гэрээнд тусгагдаагүй боловч нийтэд нээлттэй эсвэл хүсэлт гаргасан үед мэдээлэл авах боломжтой байхыг шаарддаг дараах зүйлс ихэвчлэн дагалдах гэрээнүүдээр зохицуулагдсан байдаг. Өөөрөөр хэлбэл дагалдах гэрээнүүдийн наанадаж дор дурдсан зүйл, заалтуудыг ил болгох шаардлагатай. Үүнд:
• Байгаль орчны хохирлын болон нөхөн сэргээлтийн зардал
• Гэрээний санхүүгийн загвар
• Ордын нөөцийн тоо, чанарын мэдээлэл
• Хөрөнгийн болон үйл ажиллагааны зардал
• Үйлдвэрлэлийн процесс, технологи
• Голлох хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
• Орлогын таамаглал
• Ажиллагсдын мэдээлэл
Харин төрийн өмчит компаниудын хувьд эхэнд дурьдсанчлан бүтээгдэхүүн борлуулах, бараа материал худалдан авах зэрэг бусад гэрээнүүд ил байх шаардлага тавигдаж болох юм.

ЯАГААД? | Гэрээг ил болгох үндэслэл, үр ашиг

1. Гэрээг ил болгох үндэслэлүүд
А. Байгалийн баялаг ард түмний мэдэлд юм бол түүнийг хэрхэн захиран зарцуулж буйг ард түмэн мэдэх эрхтэй.
Үндсэн хуулинд заасанчлан “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”(МУҮХ 6.1) Газрыг түүний дээрх болон хэвлий доорх баялгийнх нь хамт иргэддээ өмчлүүлдэг хуулийн зохицуулалттай зарим орноос бусад дийлэнхи улсад ийм зарчим үйлчилдэг. Энэ зарчмын үүднээс харвал олборлох салбарын гэрээ нь төр ард түмний нэрийн өмнөөс баялгийг гуравдагч этгээдэд худалдах буюу түрээслүүлж буй харилцааны эрх зүйн баримт бичиг юм. Тиймээс нийтийн мэдлийн, нөхөн сэргээгддэггүй баялгийг төр хэрхэн захиран зарцуулж буйг мэдэж байхын тулд гэрээ олон нийтэд ил тод байх учиртай бөгөөд ерөөс энэ учир шалтгаан дангаараа гэрээний ил тод байдлыг шаардах үндэслэл болж болох юм.

Б. Өөрсдийн эрх ашгийг шууд хөндөж буй гэрээний талаар мэдэх эрх, үүрэг оролцогч бүх талд байх ёстой.
Дээрх өмчлөл, эзэмшлийн асуудлаас гадна ард иргэдийн өөр олон талын эрх ашиг гэрээгээр хөндөгдөж байдаг. Тухайлбал хүрээлэн буй орчин, орон нутгийн хөгжил, газрын харилцаа, эрүүл мэнд, ажил эрхлэлт зэрэг аливаа хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дагалдан гарах асуудлууд нь наанадаж тухайн бүс нутгийн цаашлаад нийт иргэдийн эрх ашигт шууд нөлөөлдөг.
Тухайлбал шинэчлэн найруулсан Ашигт малтмалын хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь Орд ашиглах болон Хамтран ажиллах гэрээнээс гадна Орон нутаг хөгжүүлэх гэрээг төрийн захиргааны байгууллагатай байгуулах ёстой гэж тусгасан . Энэхүү Орон нутаг хөгжүүлэх гэрээ нь нутгийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг сайжруулах, үйлдвэрлэл бизнесийг дэмжих, нутгийн иргэдийг ажлын байраар хангах асуудлуудыг хамарна гэжээ. Энэ мэт өөрсдийн аж амьдрал, эрүүл мэнд, аюулгүй байдалд хамааралтай гэрээний зүйл заалтуудтай танилцаж мэдэх нь олон нийтийн эрх төдийгүй үүрэг юм гэж үзэх үндэстэй.

В. Гэрээ хаалттай, нууц байхын хэрээр авилгын эрсдэл нэмэгддэг.
Нобелийн шагналт Ж.Штиглиц нарын эдийн засагчид “баялгийн хараал” бодит байдал болох нэг үндэс нь хаалттай, тэнцвэртэй бус мэдээлэл болохыг нотолсон бөгөөд мэдээллийн ийм орчинд “principal-agent problem” гэгддэг төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргачид улс орныхоо бус өөрийн хувийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрээ гаргах магадлал хамгийн өндөр байдаг ажээ. Иймд байгалийн баялгийг ард түмний нэрийн өмнөөс эзэмшүүлж ашиглуулах зарчмыг тогтоож буй гэрээг ил болгосноор гэрээ байгуулах шатанд төдийгүй хэрэгжүүлэлтийн шатанд авилгалыг бодитойгор бууруулах боломж бүрдэнэ. Хэрэгжүүлэлтийн шатны авилгын асуудал нь зөвхөн улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчдад бус төрийн өмчит компанийн менежерүүд, тэр бүү хэл хувийн хэвшлийн болон олон нийтийн(биржэд бүртгэгдсэн) компаниудын гүйцэтгэх удирлагад хамааралтай болохыг корпорацийн засаглал өндөр хөгжсөн орнуудад ч хүлээн зөвшөөрдөг.

Г. Тоглоомын дүрэм тодорхой бол хяналт бодитой байна.
Зөвхөн авилгалын асуудлыг хянаснаар олборлох салбар дахь парламентийн болон олон нийтийн хяналт хязгаарлагдах учиргүй. Ашигт малтмал эсвэл газрын тосны хайгуулын лиценз авахаас эхлээд хөрөнгө босгох, олборлох, баяжуулах, боловсруулах, тээвэрлэх, худалдах мөн уурхай хаах хүртэл бүх үе шатанд маш олон чиглэлээр тасралтгүй хяналт, хамтын ажиллагаа шаардагддагаараа уг салбар онцлогтой. Гэрээ нь энэ бүх үе шат буюу тухайн төслийн үнэ цэнийн хэлхээг (value chain) бүхэлд нь хамарч хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тогтоож өгдөг. Ингэж тогтоосон хэм хэмжээ буюу тоглоомын дүрэм нь нийтэд нээлттэй байж гэмээнэ хяналтын хүрээ тодорхой, үр дүн нь бодитой болохоос гадна төрийн байгууллагын нөөц бололцоо хүрэлцдэггүй аливаа асуудалд нийтийн хяналтыг бий болгох боломжтой. Жишээлбэл компаниудын байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцсан төрийн захиргааны байгууллага тэр бүр газар дээр нь үзэж шалгах боломжгүй байдаг бол нутгийн иргэд хамгийн бодитоор дүгнэж чадна. Мөн энэхүү хяналт нь зөвхөн хөрөнгө оруулагч талыг бус Засгийн газрыг хянах үндэс болдог.

Д. Ил тод байдал нь итгэлцэл, тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.
Нээлттэй хэлцлийн үр дүнд бий болсон зөвшилцөл түүнд үндэслэсэн гэрээ нь хаалттай нууц тохироогоор явагдсан гэрээнээс хавьгүй илүү удаан хугацаанд тогтвортой байдаг давуу талтай. Гэрээ буюу түүгээр тогтоосон хамтын ажиллагааны зарчим, хэм хэмжээнүүд тогтвортой байх нь оролцогч бүх талд хэрэгтэй. Энэ тухай гэрээг ил болгохын үр ашиг гэсэн хэсэгт тайлбарлалаа.

Е. Гэрээ хаалттай байх нь эрх зүйт ёс, Ардчиллын зарчимтай зөрчилддөг.
Гэрээ бол нийтийн баялгийг эргэлтэнд оруулж буй тодорхой төслийн хууль нь юм. Учир нь гэрээгээр төслийн үйл ажиллагаанд хамааралтай хууль зүйн орчныг тогтворжуулах буюу царцаах, үйлчлэлийн хугацааг тогтоох, ерөнхий зүйл заалтуудыг тухайн нөхцөлд оноон хэрэглэх ажил хийгддэг. Тэр бүү зарим томоохон төслийн хувьд хуулиас давсан эрх, үүргийг гэрээгээр тогтоох нь бий. Тэгвэл хууль нийтэд ойлгомжтой, нээлттэй байх нь эрх зүйт буюу хууль засаглах ёс, ардчиллын гол зарчим юм. Мөн хүний үндсэн эрх, эрх чөлөөний нэг хэсэг болох мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах үндэслэл энэ төрлийн гэрээнд байхгүй.

Ж. Гэрээ ил тод байснаар баялгийн менежмент илүү хариуцлагатай, нийгэм-эдийн засгийн үр өгөөж сайтай байна.
Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл гэрээ ил тод байх нь гэрээг байгуулах, хэрэгжүүлэх бүх үе шатанд авилгал, ашиг сонирхлын зөрчлийг багасгаж харилцан ойлголцол, хяналтыг сайжруулан шийдвэр гаргачдыг илүү хариуцлагатай байхыг шаарддаг ажээ. Энэ нь төр буюу улсын байр сууринаас харвал байгалийн баялгийг боломжит хамгийн үр ашигтай хувилбараар ашиглах шийдэлд хүрэх арга зам юм.

2. Ил болгохын эсрэг аргументууд, тэдгээрийн хариулт
Гэрээг нийтэд ил болгохын эсрэг байр суурь баримтлагчдын гаргаж тавьдаг үндэслэлүүдээс дараах гурван аргумент хамгийн түгээмэл байдаг. Үүнд:
– Гэрээг ил болгосноор бизнесийн нууц алдагдана.
– Гэрээг ил болгосноор “ёроол руу уралдах” уралдаан өрнөнө.
– Гэрээг ил болгосноор эргэн харах шаардлага тасрахгүй.
Гэвч эдгээр болгоомжлолууд нь гэрээг нууцлах бодитой учир шалтгаан болж чадахгүй болохыг баримтаар нотолж болох юм.

А. Бизнесийн нууц мэдээлэл үү, зах зээлд нөлөөлөх мэдээлэл үү?
Хэдийгээр бизнесийн нууц гэж чухам юуг хэлэх тухай нийтлэг тодорхойлолт дэлхий даяар байхгүй ч эдийн засгийн үнэ цэнэ бүхий, хэрэв алдагдвал тухайн бизнест их хэмжээний хохирол учруулах буюу өрсөлдөх чадварыг бууруулдаг мэдээллийг хэлнэ гэж ойлгож болох юм. Жишээлбэл Кока Колагийн жор, iРhone-ий дэлгэцийн технологи, цаашилбал харилцагчийн бүртгэл, стратегийн төлөвлөгөөг ч бизнесийн нууц гэж үзэж болно. Харин олборлох салбарт бизнесийн нууцад тооцож болох мэдээллүүд нь гэрээний агуулгад ихэвчлэн багтдаггүй бөгөөд гэрээнд тусгагддаг мэдээллүүд нь бизнесийн нууц гэж үзэх үндэслэл багатай байдаг. (Хүснэгт 1)

 

Гэрээнийг агуулгад багтдаг зарим мэдээлэл нь бизнесийн нууц гэхээсээ илүү хөрөнгийн зах зээл дээрх арилжааны идэвхи, хувьцааны үнэд нөлөө үзүүлдэг “зах зээлд нөлөөлөх” (market sensitive) мэдээлэл болох талтай . Зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг хангахын тулд хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй нийтийн компаниудын хувьд ийм мэдээллийг ил тод мэдээлж байх үүрэг хүлээдэг. Жишээлбэл Австралийн Хөрөнгийн Биржийн журамд компаниудын тухай бүрт нь арилжаа зохицуулагчид мэдээлж хөрөнгө оруулагчдад ил болгож байх ёстой мэдээлэлд лиценз, Засгийн газар болон бусад талд төлж буй бодит төлбөр, гэрээ хэлцэл зэргийг оруулсан байдаг. Тиймээс олон нийтийн компаниудын хувьд гэрээний агуулгыг ил болгох нь харилцаж буй улсын шаардлагаас үл хамааран хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг гэж хэлж болох юм.

Б. Ёроол руу бус орой руу уралдаж болох юм.
Хэрэв компаниуд гэрээний нөхцлөө ил болговол өрсөлдөгч компани тухайн улсад арай илүү нөхцөл санал болгож нөөц ашиглах эрх олж авахыг эрмэлзэн компаниудын хувьд хамгийн муу нөхцөл рүү тэмүүлэх буюу “ёроол руу уралдана” гэж үзэгсэд бий. Ингэвэл Засгийн газруудад ашигтай, хөрөнгө оруулагчдад ашиггүй болно. Гэвч үнэн хэрэгтээ гол өрсөлдөгчдийн хувьд нөгөөгөө ямар төсөл дээр ямар нөхцлөөр ажиллаж байгааг гэрээ нь ил болсон эсэхээс үл хамааран тандаж мэдэх олон суваг бий. Гэрээ албан ёсоор ил тод нийтлэгддэг Конго Бразавилли, Эквадор, Либери, Перу, Зүүн Тимор зэрэг улсуудад олборлогч компаниуд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсаар байгаа нь энэ байдал компаниудад ашиггүй гэсэн таамаглал бодитой биш болохыг харуулж байна.
Нөгөө талаас хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа буурай орнуудын хувьд бие биенийхээ гэрээний нөхцлийг мэдсэнээр мөн өөр хоорондоо өрсөлдөж Засгийн газруудын дунд “ёроол руу уралдах” уралдаан өрнөнө гэсэн болгоомжлол бий ч бодит байдал дээр ийм явдал огт тохиолдож байгаагүй. Иймд аль ч хувилбараар авч үзсэн энэ аргумент үндэслэл муутай байна.
Харин эсрэгээрээ гэрээ бүх нийтэд ил болсоноор Засгийн газрууд илүү сайн гэрээ хийх магадлал нэмэгддэг болохыг өмнөх хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан. Үүнтэй холбоотой цөөнгүй жишээ дурдаж болох бөгөөд Засгийн газрууд улс орондоо ашиг муутай гэрээ хийсэн, гэрээ ил болсноор засч залруулах боломж бүрдсэн жишээг өндөр хөгжилтэй орнуудаас ч харж болно. Тухайлбал АНУ-ын Засгийн газар 1990-ээд байгуулагдсан газрын тос, байгалийн хийн гэрээнүүдийн улмаас 10 тэрбум гаруй ам.доллар алдах тооцоо гарсан байдаг .

В. Эргэн харах нь байнгын тогтворгүй байдлаас дээр.
Олон нийт гэрээний агуулгатай дэлгэрэнгүй танилцсанаар гэрээг эргэн харах, нэмэлт өөрчлөлт хийх шаардлага байнга гарна гэж үзэх нь бий. Хэдийгээр хүн бүрийн хүсэлд нийцсэн гэрээ байгуулах боломжгүй ч тухайн төсөл дээр нийгмийн зөвшилцлийг бий болгох хамгийн шилдэг арга бол ил тод нээлттэй байх явдал юм. Нэгэнт нийтээрээ нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрсэн тохиолдолд түүний дараа гэрээг өөрчлөх шахалт шаардлага хүчтэй, далайцтай байж чадахгүй. Өөрөөр хэлбэл гэрээг ил болгосны дараа түүнийг өөрчлөх шаардлага олон нийтийн зүгээс тавигдаж болох ч энэ нь богино хугацааны асуудал бөгөөд тухайн асуудлаар ойлголцолд хүрч гэрээг нэг удаа өөрчлөх нь хаалтай байдлаас үүдэлтэй нийгмийн эсэргүүцэл, байнгын тогтворгүй байдлаас дээр байх нь дамжиггүй.

Ерөнхийд нь дүгнэвэл өнөөдөр дэлхий даяар олон тооны гэрээ хэлцлийн ил тод болгох үйл явц явагдаж байгаа хэдий ч үүний улмаас компаниудын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн гэх ямра нэгэн баримт алга байна.

3. Гэрээг ил болгохын үр ашиг
Гэрээг ил тод болгох нь зөвхөн ард иргэдэд бус гэрээ байгуулж буй улсын төр засаг, хөрөнгө оруулагч буюу гэрээлэгч компани гэсэн хоёр талд хоёуланд нь ашигтай юм.

А. Төр засаг
• Илүү сайн гэрээ байгуулж баялгаа үр ашигтай ашиглахад эергээр нөлөөлнө.
• Хяналт, хариуцлагыг нэмэгдүүлж орлогын менежментээ хөгжүүлэхэд тусална.
• Хуулийн хэрэгжилт сайжирна.
• Хариуцлагатай хөрөнгө оруулалтыг татна.
• Ард иргэдийн дэмжлэг нэмэгдэнэ.

Б. Компани
• Илүү тогтвортой үйл ажиллагааны орчин бүрдэнэ.
• Нийгмийн лицензийг олж авна.
• Хээл хахуулиас ангид байна.
• Хөрөнгө оруулагчдын үнэлгээ сайжирна.

В. Хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчид
• Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэх боломж нэмэгдэнэ.
• Гүйцэтгэх удирдлагад тавих хяналт сайжирна.
• Корпорацийн засаглалын сайжруулж ил тод байдлыг нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалтын үнэ цэнийг өсгөнө.
• Нийтэд ил болоогүй зах зээлд нөлөөлөх мэдээллийг хууль бусаар ашиглаж спекуляци хийх (insider trading) боломжийг багасгана.
• Нийгмийн хариуцлага сайжирна.

ЯАЖ? | Гэрээг ил болгох туршлага, арга зам

1. Олон улсын хандлага
Гэрээний ил тод байдал нь олон улсын түвшинд харьцангуй шинэ үйл явц боловч өдрөөс өдөрт өргөжин хүлээн зөвшөөрөгдөх хандлагатай байна. Гэрээг нийтэд албан ёсоор ил болгохыг дэмжиж буй оролцогч талуудын дунд улс орнуудын Засгийн газар, Олон улсын санхүүгийн болон иргэний нийгмийн байгууллагууд, үйлдвэрлэгчдийн төлөөлөл аль аль нь байдаг.

А. Засгийн газрууд
Одоогийн байдлаар Гана, Либер, Зүүн Тимор гэсэн улсуудад гэрээний ил тод байдлын тусгайлсан бодлого гарган хэрэгжүүлж байна. Тухайлбал Либерт Олборлох салбарын ил тод байдлын санаачлагынхаа хамрах хүрээнд гэрээний ил тод байдлыг албан ёсоор оруулж хуульчилжээ. Мөн Эквадор, Перу, Конго Бразавилли, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсуудад уул уурхайн болон нүүрс ус төрөгчийн салбарын гэрээг нийтэд ил болгох зохицуулалт бий.
Хөгжингүй орнуудын хувьд хөрөнгийн биржийн журам болон Мэдээллийн эрх чөлөөний хуулиар зохицуулагдаж байна. Жишээлбэл Монгол улс, “Айвенхоу майнз(Туркоуз хилл)”, “Рио Тинто” компаниудын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын болон, Хувь нийлүүлэгчдийн гэрээ тухайн үедээ Торонтогийн хөрөнгийн бирж дээр нийтэд буюу хөрөнгө орууагчдад ил болж байсан. Харин Монголд Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь өнөөг хүртэл хаалттай хэвээр байгаа юм.

Б. Олон улсын санхүүгийн байгууллага
Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Олон Улсын Санхүүгийн Корпораци гэрээний ил тод байдлыг дэмжихээ мэдэгдэж зарим дүрэм журам гаргаад байгаа. Үүн дотроо ОУВС энэ чиглэлээр хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд гэрээний ил тод байдал нь ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд сайн засаглалыг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно гэдэгт санал нэгддэг.

В. Иргэний нийгмийн байгууллагууд
Орлогын Ажиглагч Хүрээлэн, Төлснөө Нийтэл эвслээс нэгдэн орсон иргэний нийгмийн байгууллагуудаараа дамжуулан гэрээний ил тод байдлыг дэлхий даяар сурталчилж бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж байна. Энэ үйл ажиллагаа нь давхардсан тоогоор дэлхийн 60 гаруй улс, 700 гаруй иргэний нийгмийн байгууллагыг хамардаг . Мөн нөөц баялаг ихтэй 70 гаруй улсыг багтаасан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (OҮИБС) нь үйл ажиллагааны хамрах хүрээгээ татвар, төлбөрийн мэдээллээс гэрээ, лицензийн ил тод байдал руу өргөжүүлэх стратеги баримталж байна. Монгол Улс энэхүү санаачлагад 2006 онд нэгдэн орж 2010 оноос хэрэгжүүлэгч улсын статустай болоод байгаа билээ.

Г. Үйлдвэрлэгчид
Дэлхийн 34 улсын болон бүс нутгийн уул уурхайн ассоциаци, тэргүүлэгч 22 корпорацийг нэгтгэсэн Олон Улсын Уул уурхай, Металын Зөвлөлөөс гэрээний ил тод байдлыг дэмжиж мэдэгдэл гаргасан нь үйлдвэрлэгчдийн зүгээс байр сууриа илэрхийлсэн албан ёсны хамгийн том шийдвэр болоод байна. Мөн ОҮИБС-д нэгдсэн 70 гаруй глобал компани уг санаачлагын гэрээний ил тод байдлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх стратегийг дэмждэг.

2. Монголд гэрээг ил болгох арга зам
Гэрээг ил тод болгоход хөрөнгө оруулалт хүлээн авагч улс, глобал компаниудын бүртгэгдсэн улс, компаниуд, олон улсын санхүүгийн байгууллагууд, иргэний нийгэм гэсэн олон талын хамтын ажиллагаа шаардагдана. Гэсэн хэдий ч баялгийн эзэн улсын төр засгийн зүгээс баримтлах бодлого шийдвэрлэх үүрэгтэй.
Монгол улсын хувьд гэрээний ил тод байдлыг хангахын тулд төрөөс дараах алхмуудыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
• Шинээр хэлэлцэгдэх гэж буй Ашигт малтмалын тухай хуулиар өмнө байсан хөрөнгө оруулалтын гэрээний оронд бий болж буй Орд ашиглах болон Хамтран ажиллах, Орон нутаг хөгжүүлэх гэрээнүүдэд тавигдах шаардлагуудыг илүү тодорхой тусгаж нийтэд ил болгох, хэрэгжилтийн талаар тогтмол мэдээлэл гаргаж байхыг Засгийн газар болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгох.
• 1991 онд батлагдан одоог хүртэл мөрдөгдөж байгаа Газрын тосны хуулийг шинэчлэх. Ингэхдээ бүтээгдэхүүн хуваах гэрээний агуулга, зарчим, процедурийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож нийтэд ил болгох асуудлыг мөн хуульчлах.
• Ашигт малтмал, газрын тосны салбарт байгуулагдах үндсэн гэрээнүүдийн стандарт загвар боловсруулж хэвлэн нийтлэх, дагаж мөрдөх.
• Стратегийн ордууд дээр байгуулах гэрээнүүдийг батлахын өмнө парламентын нээлттэй сонсгол зохион байгуулах.
• Үндсэн бус гэрээнүүдийн мэдээллийг сонирхсон этгээд олж авч байх боломжийг Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Байгууллагын нууцын тухай хуулиудаар зохицуулж бий болгох.
• Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын хүрээнд бий болсон Засгийн газар, хөрөнгө оруулагч, иргэний нийгийн хамтын ажиллагааны механизмыг илүү идэвхитэй ашиглаж харилцан зөвшилцлийг нэмэгдүүлэх. Тухайлбал гэрээг ил болгох ажлын хяналтыг уг санаачлагын хүрээнд зохион байгуулах.

Ашигласан материал:
1. P.Rosenblum and S.Maples 2009, Contract confidential: Ending secret deals in the extractive industries, Revenue Watch institute
2. Ашигт малтмалын тухай Монгол улсын хууль, 2006
3. Газрын тосны тухай Монгол улсын хууль, 1991
4. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 2013
5. M.Pellegrini 2011, Promoting contract transparency, Revenue Watch institute
6. H.M.Gibbs 2007, Transparency of extractive industry contracts; The case for public disclosure, BIC issue brief
7. ASX 2003, Listing rules; Continues disclosure guidance

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Website Powered by WordPress.com.